Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   06 сарын 28, 2019

Код бичиж сурах нь яагаад чухал вэ? + Codercub-ийн эрчимжүүлсэн сургалт

Өнөөдрийн нийтлэлээрээ бид код бичих чадвар, түүний ач холбогдлын тухай танилцуулахын ялдамд энэ чадварыг монгол хүүхдүүдэд олгох зорилготой Codercub кодинг сургалтын төвийн мэдээллийг хүргэж байна. Тус сургалтын төв нь дэлхийд нэр хүндтэй Code.org байгууллагын Монгол дахь түншээр сонгогдон ажиллаж байгаа аж. Бид Codercub-ийн үүсгэн байгуулагч мэдээллийн технологийн мэргэжилтэн М.Золбаяртай ярилцаж нийтлэлээ бэлтгэлээ.

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН ТУХАЙ

М.Золбаяр Энэтхэг улсын Пунэгийн их сургуулийг мэдээллийн технологийн баклавр инженерээр төгсөн, Фулбрайтын тэтгэлгээр АНУ-ын Миззуригийн их сургуульд компьютерийн шинжлэх ухааны магистрт суралцжээ. Тэрээр АНУ-д магистраа хамгаалан Монголдоо ирээд хэсэг хугацаанд том компанид ажиллаж байсан ч нэг л идээшиж өгөхгүй, зөвхөн өөрийгөө бодон амьдарч байгаа мэт мэдрэмж төрдөг байсан гэнэ. Өндөр шалгууртай тэтгэлэн хүртэн гадаадад суралцан залуучуудыг эх орондоо эргэж ирээд ажил, салбартаа манлайлна гэсэн хүлээлт байдаг болохоор тэр аав ээжийнхээ олон жил үр бүтээлтэй ажилласан боловсролын салбарт хүүхэд багачуудад зориулсан бодитой, хэрэгцээтэй төсөл хэрэгжүүлье гэж шийджээ. Ийнхүү өөрийн эзэмшсэн мэдээллийн технологи, компьютерийн шинжлэх ухааныг хүүхдүүдэд багаас нь заадаг болъё хэмээн Coding school буюу код бичиж сургах төвийг эхлүүлсэн нь энэ юм.

КОМПЬЮТЕРИЙН ШИНЖЛЭХ УХААН БА КОДЫГ ЭНГИЙН ҮГЭЭР

М.Золбаяр: Бид мэдээллийн эринд амьдарч байна. Мэдээлэл гэдгийг боловсруулсан тоон өгөгдөл гэж ойлгож болно. Өнөөдөр бидний бүх мэдээллийг компьютероор боловсруулж, хадгалж, дамжуулж байна гэсэн үг. Энэ том процессыг компьютерийн шинжлэх ухаанаар судална. Компьютер нь техник хангамж буюу гарт баригдах биет хэсэг, програм хангамж буюу биегүй, виртуал хэсгээс бүрдэнэ. Компьютерийн техникийг ашиглах боломжийг бидэнд програм олгодог. Өөрөөр хэлбэл бидний халаасанд байгаа утсыг програмгүйгээр ашиглах боломжгүй. Харин програм хангамжийг бүтээхэд програмчлалын хэлээр компьютерт зааварчилгаа өгөх буюу код бичдэг.

КОД БИЧИЖ СУРАХЫН АЧ ХОЛБОГДОЛ

21-р зууны бичиг үсэгт тайлагдсан байдал буюу literacy-г код гэж дэлхий нийтээр үзэх боллоо. Технологийн зөвхөн хэрэглэгч байх биш, тухайн технологи цаанаа хэрхэн ажилладаг талаар ойлголттой байх нь бүх салбарт өрсөлдөх чадварыг эрс дээшлүүлж байна. Ирээдүйд хуульч, эмч, улс төрчид бүгд алгоритм гэж юу вэ гэдгийг мэддэг, интернэт яаж ажилладаг талаар ойлголттой байх шаардлага тулгарна. Тиймээс компьютерийн шинжлэх ухааныг хими, физик, алгебртай адилтгаж, хүүхдэд багаас нь заах нь чухал гэдгийг хөгжингүй орнууд анхаараад ажил хэрэг болгоод эхэлчихэж. Тухайлбал саяхан Австрали улсад програмчлалын хичээлийг бага, дунд сургуульд заавал үзэх хичээлүүдэд багтаагаад өгчихлөө. Монголд энэ тал дээр хоцрогдолтой байгаа.

Код бичиж сурснаар хүүхэд Computational thinking буюу цэгцтэй логиктой сэтгэх, Problem solving буюу томоохон асуудлыг задалж үе шаттайгаар шийдвэрлэх, Creativity буюу бүтээлч сэтгэлгээтэй болох томоохон ач холбогдолтой.

СODERCUB СУРГАЛТЫН ТУХАЙ

Манайх үйл ажиллагаагаа эхлээд жил гаруй болж байна. Энэ хугацаанд Монгол хүүхдүүдэд компьютерийн шинжлэх ухаан, ерөнхий програмчлал, вэб програмчлал зааж байна. Манай баг дөрвөн гишүүнтэй, хоёр нь АНУ-д, хоёр нь Монголд байна. АНУ-д байгаа гишүүдийг танилцуулбал, Миззуригийн их сургуулийн профессор Дейл Массер манай сургалтын хөтөлбөрийг боловсруулж, зарим үед багшилж байна. Мөн IBM компанийн инженер Баасандорж ах манай зөвлөх гишүүнээр ажиллаж, тэнд шинээр гарсан технологи, ном сурах бичгийн талаар мэдээлэл илгээдэг. Энд байгаа нь мөн Энэтхэг, АНУ-д сурч төгссөн Ихзаяа хэмээх инженер залуу бид хоёр.

Манай онцлог гэвэл бид өөрсдөө багшилж, компьютер шинжлэх ухааныг суурь мэдлэг гэсэн сэтгэлгээгээр заадаг. Энэ тал дээр сайн бэлтгэгдсэн багшлах боловсон хүчин Монголд нэн хомс байгаа тул одоогоор дотоод багш аваагүй байна. Яваандаа сургалтандаа орчин үеийн шинэлэг заах арга барилыг нэвтрүүлж ихэнх ажлаа технологиор шийдэхийг зорьж байгаа. Бид сайн сурсан хүүхдүүдээ дараагийн ээлжийн анхлан суралцагсдад сайн дураар туслах багш хийх боломж олгодог. Volunteer буюу сайн дурын ажил бол нийгмийн идэвх сайжруулдаг, гадаадад томоохон сургууль, ажилд өргөдөл өгөхөд нэг гол шалгуур үзүүлэлт болдог зүйл. Бас сурснаа бусдад зааснаараа тухайн хүүхдийн өөрийнх чадвар ч улам батжиж нэмэгдэнэ.

Нэрийн тухайд би анхнаасаа оригинал, давтагдашгүй байхыг зорьж ихээхэн ач холбогдол өгсөн. Codercub гэдгийг шууд орчуулбал “Кодчин бамбар” болох юм. Миний төгссөн Миззуригийн их сургуулийн маскот нь бар байдаг. Тэндээс улбаалж гарсан бүтээгдэхүүн гэдгээрээ барын бамбарыг бэлгэ тэмдэг болгосон юм. Нөгөө талаас харвал хүүхдийг бамбартай зүйрлэж болно.

HUB INNOVATION CENTER ДЭХ СУРГАЛТ

Манайх дэлхийд нэр хүндтэй Code.org байгууллагын Монгол дахь түншээр сонгогдон ажиллаж байна. Үүний хүрээнд хийх ажлууд маш их байгаа. Энэ ташрамд улсын болон хувийн дунд сургуулиудыг бидэнтэй хамтарч ажиллахыг урьж байна. Hour of Code гэдэг глобал хөдөлгөөн байдаг. Энэ нь хүүхдүүдийг нэг цагийн дотор шууд код бичүүлж ямар нэг бяцхан аппликейшн хөгжүүлснээр компьютерийг програмчлах төсөөлөлтэй, энэ салбарт дуртай болгож, бүтээлч сэдлийг нь өдөөдөг. Үүнийг бид үнэгүй зохион байгуулдаг юм. Эхний Hour of Code арга хэмжээг Логарифм сургууль дээр хийхэд хүүхдүүд ихээхэн дур сонирхолтой байгаа нь илт байсан шүү. Ирэх хичээлийн жилээс эхлээд энэ арга хэмжээг улсын, орон нутгийн дунд сургуулиудад тогтмол үнэ төлбөргүй зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Гол нь бидэнд явуулын компьютер хэрэгсэл байхгүй, тиймээс сургуулиуд маань өөрсдийн компьютерийн лабораторитой байх шаардлагатай.

Мөн тун удахгүй Цахиурын хөндийгөөс Дейл маань ирнэ. Бид 5 өдрийн эрчимжүүлсэн Bootcamp сургалтыг Hub Innovation Center дээр зохион байгуулах гэж байна. АНУ-ын томоохон их сургуулийн өндөр чадвартай багш ирж код заана гэдэг бол монгол хүүхдүүдийн хувьд алдаж боломгүй том завшаан. Сургалтыг Дейл өөрөө удирдан англи хэлээр заах тул хүүхдүүд давхар давхар өгөөж хүртэнэ.

Удахгүй болох Codercub-ийн энэхүү сургалтад 40 хүүхдийг шалгаж авах бөгөөд та энэхүү хуудсаас аваарай: Хүүхдэд зориулсан програмчлалын эрчимжүүлсэн сургалт

Codercub: Medium
Codercub: Фэйсбүүк хуудас

9933   2


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.