Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   07 сарын 01, 2019

Онцлох бизнес: Beelog - Инновацыг гарт атгуулж, амьдралд ойртуулна

Та өмнө нь бэлгэвчний автомат машин буюу АТМ-ийн талаар сонсож байсан уу? Тийм ээ, та зөв уншсан. Бэлэн мөнгөний биш бэлгэвчний АТМ. Магадгүй танд энэ төрлийн автомат машин хачирхалтай санагдаж болох ч нийгмийн томоохон асуудал болоод буй хүсээгүй жирэмслэлтээс хамгаалж, бэлгийн замын халдварт өвчны тархалтыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх төхөөрөмж юм. Бид энэ удаагийн дугаартаа Монголын хамгийн анхны бэлгэвчний АТМ-ыг бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэхээр зэхэж буй Beelog компанийг онцлон, үүсгэн байгуулагч Б.Давгасүрэнтэй ярилцлаа.

Бизнесийн нэр: Beelog
Хаяг: HUB Innovation Center, 6 тоот
Үйл ажиллагааны чиглэл: Мэдээллийн технологи, Зүйлсийн интернет (IoT)
Үүсгэн байгуулагдсан: 2017 он
Үүсгэн байгуулагч: Б.Давгасүрэн, О.Цэнгүүн
Цахим хуудсууд: Beelog Tech (фэйсбүүк) Beelog.tech (сайт)

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС, ЯАЖ ОЛСОН БЭ?

Техник хангамжийн чиглэлээр төгссөн оюутнуудад төгсөөд мэргэжлээрээ зохион бүтээх ажил хийх ажлын байр нэг их байдаггүйг би мэдэрсэн юм. Үүнээс үүдэн мэргэжлээ солихгүй л бол өөрөө өөртөө ажлын байр бий болгох хэрэгтэй юм байна гээд компани байгуулж байлаа. Үүний зэрэгцээ манай улсад технологиор шийдэх боломжтой нийгмийн асуудлууд их байсан нь нийгэмд ээлтэй технологийн бизнес эхлүүлэх нэг шалтгаан болсон. Өсвөр насныхан, ер нь насанд хүрсэн хүмүүст ч гэсэн бэлгэвч авахаас ичиж санаа зовох асуудал гардаг болохоор бэлгэвчийг яаж бусад хүний оролцоогүйгээр авч болох вэ гэж бодсон. Энэ үед "Startup Weekend - Sex Hack" гэдэг тэмцээн болж таарахад нь бэлгийн замын халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлт, гэр бүл салалтын талаар санаа зовоосон олон тоо баримтыг судалж мэдээд, туршилтын загвар хийж оролцоод улмаар түрүүлсэн юм. Үүнээс хойш энэ санаагаа улам хөгжүүлээд явж байна. Бид өмнө нь тасалгааны хүлэмж, ухаалаг толь гэх хоёр ч бүтээгдэхүүнийг хөгжүүлж байсан. Техник хангамжийн чиглэлээр захиалга авч, тэр орлогоороо өөрсдийн бүтээгдэхүүнийг хөгжүүлдэг.

Яагаад Beelog гэж нэрлэсэн бэ?

Нэр сонголт компанид их чухал юм шиг санагддаг. Beelog гэж зөгийн үүрийг нэрлэдэг юм билээ. Хийж байгаа зүйлтэйгээ холбоотойгоор IoT-ийн компаниуд ихэвчлэн зөгийтэй холбоотой нэр авсан байдаг. Энэ нэр хэлэхэд хялбар, мөн "Биологи" гэдэгтэй ойролцоо сонсогддогоос хайлтын системд илэрц багатай байсан тул сонгож авсан.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Бид тэгээс эхэлсэн гэж хэлж болно. Найзуудтайгаа баг бүрдүүлэн Green Nation тэмцээнд ус, цахилгааны нөөцийг хэмнэлттэй хэрэглэх, хэрэглээний дүнгээ бодитоор нь харах болгомж олгосон ухаалаг толиороо оролцож түрүүлээд 6000 долларын санхүүжилт авсан нь бидний анхны хөрөнгө оруулалт болсон. Мөн дрон засварын үйлчилгээ үзүүлж олдог орлого, хамтран байгуулагч найзаасаа зээл зэрэг нь хөрөнгө оруулалтад санаа зовохгүйгээр бүтээгдэхүүнээ хөгжүүлэх боломж олгодог.

хамтрагчаа хэрхэн олж сонгосон бэ? 

Ихэвчлэн их сургуулийн найзууд, мөн Startup Weekend дээр хамт төсөл хэрэгжүүлж байсан найзууд, өмнө нь ямар нэг ажил дээр хамтран ажиллаж үзсэн хүмүүсээ цуглуулан баг болж ажиллах болсон. Beelog-ийн ар тал болдог, байнга тусалж дэмждэг хориод хүн байгаа. Яг оффист сууж ажилладаг нь тав хэдий ч бусад нь ажлынхаа хажуугаар шаардлагатай үед үргэлж туслахад бэлэн байдаг.

ТАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ ДАВУУ ТАЛУУД?

Бэлгэвчийн АТМ-ийн гол давуу тал нь хүний оролцоогүйгээр 24 цаг байнга ажиллах боломжтой, төлбөр тооцооны системийг уян хатан шийдэж өгсөнд оршино. Бид бүтээгдэхүүн дээрээ олон нийтийн санхүүжилт (crowdfunding) хийхээр төлөвлөж байгаа. Есдүгээр сарын 20-нд энэ кампанит ажлаа нээхээр төлөвлөөд байна. Бэлгэвчийн АТМ нь үйлчилгээний газрууд, шөнийн клуб, пааб, зочид буудал, их дээд сургуулиудад байршина. Өмнө нь ухаалаг толь ба тасалгааны хүлэмжийн анхны загваруудаа гаргасан ч яаж үйлдвэрлэхээ мэдэхгүй гацаж байв. Одоо өмнөх алдаанаасаа суралцаж, гурав дахь бүтээгдэхүүнээ хийхдээ хамгийн түрүүнд үйлдвэрлэлийн асуудлаа ярьж тохирсон.

ТАНАЙ ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ЗОРИЛГО ЮУ ВЭ?

Ойрын хугацаанд бэлгэвчийн АТМ-ээрээ олон нийтийн санхүүжилтийн төслөө амжилттай хэрэгжүүлэхийг л зорино доо. Амжилттай болбол техник хангамжийн бүтээгдэхүүнээр олон нийтийн санхүүжилт амжилттай авсан анхны тохиолдол болох байх. Хэтдээ техник хангамжийн бүтээгдэхүүнээр гурван удаа хөрөнгө босгох ийм кампанит ажил хийсний дараагаар олон улсын Crowdfunding Platform болох Kickstarter, Indiegogo зэрэг дээр шинэ технологийн бүтээгдэхүүн гарахаар зорьж байна.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛ, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Манай бизнесийн үнэт зүйл бол мэргэшсэн баг хамт олон. Бид олон улсын жишигт нийцэхүйц техник хангамж хөгжүүлж чадах туршлагатай багийг бүрдүүлж чадсанаараа бахархдаг. Бизнес хийхдээ аливаа зүйлсийг тохиромжтой цаг нь ирэхийг хүлээнэ гэж боддоггүй. Хүмүүс ихэвчлэн өөрсдийн эргэлзээнд итгэж одоо цаг нь биш, ирээдүйд ийм болно, тийм болно гэж одоо хийж чадах зүйлсээ хойшлуулж байгаа харагддаг. Аливаа зүйлийг хийхэд тохиромжтой цаг гэж байхгүй, ирээдүйд юу хиймээр байна, түүнийгээ одоо хийж эхэл гэсэн зарчим баримталдаг.

ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Crowdfunding буюу олон нийтийн санхүүжилтийг манайхан хандив тусламж гэж боддог учраас энэ ойлголтыг үнэн зөвөөр нь нийгэмд түгээх шаардлага тулгарч байна. Crowdfunding бол тухайн компани шинэ бүтээгдэхүүн дээрээ хямдралтай үнээр урьдчилсан захиалга авч, үйлдвэрлэлийн зардлаа шийдвэрлэж байгаа л хэрэг юм. Одоо бид бэлгэвчний АТМ-ийн crowdfunding кампанит ажлыг хийхэд бэлдэн бизнес хөгжүүлэлтийн чиглэлдээ төвлөрөн ажиллаж байна. Олон нийтээс амжилттай санхүүжилт татахын тулд бэлтгэн контент хийж, бүтээгдэхүүнээ байгууллагууд дээр авч очин танилцуулга хийж байна.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Бид олон улсад өрсөлдөж чадахуйц техник хангамжийг програм хангамжтай нь хамт хийж чадна гэдгээ харуулахаар зорьж байгаа. Бидний сонгосон зам техник хангамжийн салбарт суралцаж буй, өөрсдийн гэсэн бүтээгдэхүүнийг хөгжүүлэхээр зорьж байгаа бусад залуучуудад жишээ болно гэдэт итгэлтэй байна. Техник хангамжийн салбарт бэрхшээлтэй нь нэг товчлуур л гэхэд 1000 гаруй төрөл байдаг, тэр болгон нь хэрэглэгчид өөр өөр сэтгэгдэл төрүүлдэг. Нарийн ажил тул тул техник хангамж хөгжүүлдэг компани цөөн байдаг. Нөгөө талаас энэ нь техник хангамжийн чиглэлээр ажиллах зах зээл хангалттай байгаа гэсэн үг. Бэлгэвчний АТМ-ийн хувьд, манай улсад төлбөр тооцооны нэгдсэн онлайн систем байхгүй нь бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн ажлыг нэлээд удаашруулсан.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ЗАРИМ СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦВАЛ?

Манай хэрэглэгчдийн хүлээлт нэлээн өндөр байгаа. Зарим хүмүүс сайн байна гэж ойлгож дэмжинэ, зарим хүмүүс ойлгохгүй садар самуун сурталчиллаа гэх нь ч бий. "Бэлгэвчний АТМ дээр дараалал үүсээд алах юм байна л даа", "Хурдан худалдаанд гаргаач ээ", "Бэлэн мөнгө унших уу?" "Үйлчлүүлж үзмээр байна, хаана байгаа вэ?" гэх асуултууд их ирж байна.

5846   0


НИЙТЭЛСЭН:

Nominjargal Batkhuyag

Гэрэл зургийг:

Д.Ганзул




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.