Өнөөдрийн дугаартаа бид Монголын урлагийн нэрт зүтгэлтэн Ж.Бадраа, найруулагч, дуучин Б.Бадрууган агсныг залгамжлан гурван үеэрээ урлаг, соёлын салбарт хүчин зүтгэж, бүтээлч, шинэлэг орон зайг өртөөлөн, өөрийн зохиосон ая, хөгжмийн хэв маягаараа технологи, шинэ мянганы залуусыг хөтлөн холбож буй Урлаг судлаач, хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзунг урьж ярилцлаа. Нийгмийн ухаан, урлаг судлаачийн мэргэжилтэй тэрбээр өмнө нь БСШУЯ-ны Соёлын газрыг ахалж, “Шунхлай”, “АПУ” зэрэг Монголын топ компаниудын олон нийттэй харилцах газрыг удирдан, төр, хувийн хэвшлийн салбарт ажиллахын хажуугаар олны танил болсон уран бүтээлчдийг төрүүлж, сэтгэл хоногшсон олон хөгжмийн бүтээлийг түгээсэн билээ. Ингээд түүний ажлын арга барилыг сонирхохоор "Playtime" хөгжмийн фестиваль дээр энэхүү ярилцлагаа хийлээ.

Байршил: Монгол Улс, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: Урлаг судлаач, хөгжмийн зохиолч, продюсер
Хэрэглэдэг гар утас: iPhone X
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro
Сошиал хуудаснууд: Naranzun Badruugan (Instagram), Naranzun Badruugan (Linkedin)

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ТАНЬ ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Би өнгөрсөн 10 гаруй жил тогтсон оффист байрлан, том компаниудад ажилладаг байсан бол сүүлийн үед илүү бүтээлч бизнест орж эхэлсэн. Ийм бизнесийн онцлог нь цаг хугацаа, орон зайд баригдахгүйгээс гадна авьяас, ур чадвараараа үнэлэгддэг өвөрмөц, давтагдашгүй салбар юм. Урлаг өөрөө хэдий чинээ цаг хугацаа туулна тэр хэрээр үнэлгээ нь өсч байдаг. Леонардо Да Винчигийн уран зургууд анх гарахдаа одоогийнх шигээ үнэд хүрээгүй байсан шүү дээ. Тиймээс урлагийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулахад тогтсон оффист суун, имэйл бичиж ажиллана гэдэг цаг хугацааны хувьд хайран санагддаг. Тиймээс миний ажлын арга барил орон зайд хайрцаглагдах бус сloud буюу үүлэн систем шиг ажилладаг гэсэн үг. Өнөөдөр зөвхөн минийх гэлтгүй маш олон салбарын үйл ажиллагаа дижитал орон зайд шилжиж, дата бааз гэдэг хамгийн үнэ цэнэтэй зүйл болж байна. Хэн дата баазыг бүрдүүлж чадна, тэр хүн зах зээлд илүү амжилт олж, бусдаас хурдтай ажиллана. Тиймээс намайг кофе шопоос, дуу бичлэгийн студиэс гээд янз бүрийн газраас олж болно. Өнөөдөр гэхэд та бүхэн миний ажлын нэгэн орон зай болох Playtime дээр ирээд байна. Миний ажил байнгын эрэл хайгуул хийхийг шаарддаг, зүгээр суувал их зүйл алдах эрсдэлтэй учраас маш мэдрэмжтэй, цаг алдахгүй байх нь хамгийн чухал. Энэ хоёр хүчин зүйлээс хамаараад санхүү, хөрөнгө оруулалт гээд олон асуудал шийдэгддэг болохоор бүтээлч байх шаардлагатай.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Ажил дээрээ хөгжим зохиох, найруулахад ашигладаг олон программ бий. Түүнээс Apple компаниас гаргасан Logic гээд програмыг түлхүү хэрэглэдэг. Харилцаа, холбоо талаасаа гэвэл Wechat, KakaoTalk, Line гээд гаднын харилцагчидтай холбоо тогтоох зорилгоор янз бүрийн харилцааны платформ ашигладаг даа.

Түүнэс гадна олон нийтийн сүлжээ платформуудыг түгээмэл ашиглана. Уран бүтээлчдийн хувьд бүтээгдэхүүнээ олны хүртээл болгох хамгийн гол зах зээл нь дижитал плафторм болоод байна. Тиймээс уран бүтээлээ Apple music, Spotify дээр live stream хийж, Facebook, Instagram зэрэг олон нийтийн сүлжээгээр дамжуулан олонд таниулдаг.

Харин чөлөөт цагаараа Nefflix үзэж, хааяа PUBG гээд гар утасны тоглоом тоглочихдог шүү. Тархиныхаа хурдыг хөгжүүлэхийн тулд яг л фитнесс шиг ажиллуулж байх ёстой учраас миний насан дээр анхаарал төвлөрүүлдэг, хурд шаардсан тоглоом тоглох нь тус болдог юм.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Аливаа эд зүйлээс аль болох бага хамааралтай байж, шаардлагатайг нь өөр дээрээ бэлэн байлгахыг илүүд үздэг. Өөрөөр хэлбэл, заавал оффис дээрээ очиж байж ажлаа эхлэх эсвэл замын түгжрээнд түгжрэх зэрэг цаг үрдэг нөхцөл байдлаас аль болох татгалзахыг хичээдэг. Тийм болохоор өглөө босоод аяга кофе уугаад л миний ажлын цаг эхэлдэг. Ингэснээр тухайн өдрийг үр бүтээмжтэй байлгаж, цаг хэмнэхийн тулд өөрөө өөртэйгөө л тулж ажиллана гэсэн үг. Бид ихэнх цагаа аналоги буюу гар ажиллагаа ихтэй биет зүйлд зарцуулаад байдаг. Бидэн шиг биет үйлдвэрлэлийн бус оюун санааны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн хувьд сайн уран бүтээл гаргахад маш их цаг шаарддаг учраас цагийг дэмий үрэх нь үнэхээр хайран. Тэгээд гол нь сэтгэл хөдлөлд автахаас илүүтэй тогтвортой байх нь чухал. Манай улсад зөвхөн урлаг, соёл гэлтгүй нийгмийн бүх салбарт тогтвортой байдал үгүйлэгдэж байна. Жишээ нь, өнөөдөр хүнс л биш бол онлайнаар хүссэн зүйлээ захиалаад авах боломж нээгдэж, бүх салбарт онлайн платформууд бий болсон. Гэвч жилдээ ганц болдог Үндэсний их баяр наадмын тасалбараа онлайнаар шийдэж чадахгүй, хүмүүсийг олон хоног гадаа дугаарлуулж, цаг алдаж байгаа нь инээдтэй л хэрэг болоод байна.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Миний хувьд хамгийн чадалтай компьютер бол миний тархи. Тархин дотор минь бүх програм хангамжууд байдаг учраас хийх зүйлсээ толгойн дотроо бодож төлөвлөдөг. Мэдээж хэрэг, ажлын шаардлагаар тодорхой классик програмуудыг ашиглах нь бий. Хэрэгжүүлж буй төсөл бүр дээр баг үүсгэн ажилладаг учраас багийн чат, имэйл зэрэг тусдаа платформ үүсгэн ажилладаг даа.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ? 

Би аливаа зүйлийг холбохдоо их сайн. Муудалцсан хүмүүсийг эвлэрүүлэх эсвэл бүтэх магадлал муутай төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг холбогдох боломжгүй байсан зүйлийг ч холбох чадвартай учраас түүндээ их дуртай байдаг. Тэгэхээр миний хамгийн сайн хийж чаддаг зүйл бол аливааг холбож, нийлүүлэн түүнээс бүтээлч үр дүн гаргах юм даа.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Бидний ажил аливаа уран бүтээлчийн авьяас чадвар, бүтээлч байдал, шинийг санаачлах санаачилгаас ихээхэн хамаардаг учраас нэг шөнийн дотор ч сайн үр дүнд хүрэх боломжтой. Харин хийсэн зүйлээ бусдад ойлгуулна гэдэгт маш том сорилт болдог. Жишээ нь, сайн кино хийж үзүүлэхээс нааш хэн ч тэр уран бүтээлд хөрөнгө оруулахыг хүсдэггүй шүү дээ. Өмнөх туршлагаа харуулж, өөрийн үнэлэмжээ өсгөж байж л бусад хүмүүсийн анхаарлыг татаж, ойлгуулж чадна. Тиймээс уран бүтээлчид хоосон мөрөөдөл ярихаар хөрөнгө оруулагчид ашиг нь юу вэ гэж асуудаг. Хөрөнгө оруулалт нь аль аль талдаа ашигтай байх ёстой ч аливаа урлагийн бүтээлийн ашгийг урьдчилан нарийн тооцож ярих бэрхшээлтэй учраас тодорхой цаг хугацаа шаарддаг онцлогтой.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Бид сүүлийн 20 жилийн хугацаанд олон зүйлийг туршиж, тэрхүү алдаанаасаа суралцан туршлагажих үеийг туулсан. Тиймээс одоо л бүх салбарт аливааг стандартынх нь дагуу хийж, ажлынхаа арга барил, онцлогийг нь мэдэж эхэлж байна. Ялангуяа, урлаг, соёлын бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэгт зөвхөн CD, цомог гаргах төдий биш бусад салбарын үйл ажиллагаатай зэрэгцэн хоршиж байж үр дүнд хүрдэг болох нь тодорхой болжээ. Энэ хүрээнд одоогоор Leto Music хэмээх компани байгуулан, дуучин Наагий, The Wasabies хамтлагийн уран бүтээл дээр ажиллаж байна.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Ажиллаагүй үедээ аль болох тархиа амрааж ерөнхий мэдлэг олгох танин мэдэхүйн, философийн эсвэл уран зохиолын хөнгөн ном унших нь бий. Уран зохиол, философийн номууд хүнийг хайрцгаас гадуур сэтгэх сэтгэлгээг задалж өгдөг учраас сонирхон унших дуртай. Хамгийн сүүлд гэхэд түүхийн профессор Юваль Ноа Хараригийн “Sapiens” хэмээх номыг уншсан юм байна. Харин ажилтай холбоотой шаардлагатай мэдээллийг авахын тулд олон хуудастай зузаан номыг нэг бүрчлэн уншихаас илүүтэй түүвэрлэж уншихыг илүүд үздэг. Хүн төрөлхтөнд өмнө нь мэдээлэл олж авах олон төрлийн эх сурвалж, нэгдсэн бааз, сан байгаагүй. Тиймээс нэг номыг дуустал нь уншиж байж л бүрэн гүйцэд мэдээллийг авдаг байсан бол өнөөдөр мэдээллийг түүвэрлэн уншиж, аль болох бага хугацаанд олон мэдээллийг олж авах боломжууд бий болоод байна.

ТА АЖИЛЛАж БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Би хөгжимтэй холбоотой ажил хийдэг учраас ажиллаагүй үедээ чөлөөт цагаараа аль болох тархи, чихээ амрааж, тэнцвэржүүлэхийг хүсдэг. Хүний чих тодорхой өндөр децибелийн дуу чимээг багахан хугацаанд л сонсохгүй бол эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх учраас чихээ амраахгүй бол болдоггүй. Хөгжмийн чанга, сул гэхээс илүүтэй хөгжимд байгаа мэдрэмжийг хайхын тулд анхаарлаа маш сайн төвлөрүүлэх шаардлагатай учраас тархи энгийн үеэс илүү хурдан ядардаг.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Шөнө 3-4 цагийн хооронд унтаж, өглөө 9-10 цагийн үед босдог доо. Социализмын үед хүмүүс нойр, хоолондоо тийм ч их ач холбогдол өгдөггүй байсан болоод ч тэр үү бие организм түүнд дасчихсан бололтой юм. Юм хийх цаг их байгаасай гэж боддог учраас унтах цагаасаа хумслаад бага унтах тал бий. Тиймээс ихэвчлэн оройн цагаар ажилдаа төвлөрөх нь сатаарах зүйлгүй амар байдаг. Нөгөө талаас, над дээр янз бүрийн тусламж хүсч, итгэл найдвар тээж ирэх хүмүүс цөөнгүй байдаг учраас тэдний өмнө хариуцлага хүлээж, ноён нуруутай байх тусам цаг хугацаа улам үнэ цэнтэй болж эхэлдэг. Аав минь 2000 онд насан барахад надад миний хойно байсан нөмөр нөөлөг гэнэт байхгүй болчихсон юм шиг хэсэгтээ хоосон оргиж байсан юм. Аав минь тухайн үед зөвхөн миний гэлтгүй олон хүний өмнө хариуцлага хүлээж, итгэл найдварыг нь даасан нөмөр нөөлөг байсан. Тиймээс өнөөдөр надтай олон хүн, олон ажил хамааралтай байгаа учраас цаг хугацааг унтаж өнгөрүүлэх нь хайран санагддаг. Тэртээ тэргүй 60 нас гараад хангалттай амрахаас хойш тэрнээс өмнө хийе гэсэн зүйлээ хийх хэрэгтэй болов уу. Гэхдээ хүн болгоны бие, сэтгэл зүйн онцлог өөр учраас над шиг бай гэж огт зөвлөөгүй юм шүү.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Гэртээ л амарч байдаг даа. Би ер нь гадагш гарахаараа л ажлаа хийчих гээд байдаг учраас ажиллаагүй үедээ амарч болох хамгийн аюулгүй, тайван газар бол гэр юм. Гэртээ дуртай киногоо үзэж, сайхан хоол хийж идээд, сайн унтаж амрахыг хичээдэг. Энэ үедээ аль болох өөртөө цаг гаргах эсвэл гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх нь хамгийн сайхан амралт болдог шүү дээ. Хүмүүс амарна гээд л орчноо солиод гэрээсээ хол гадуур зугаалаад явчихдаг даа. Энэ нь амрах биш илүү ядрах нөхцөл болдог юм шиг санагддаг. Хүн тархиа хийж байгаа зүйлээсээ салгаж чадах юм бол заавал хол явах шаардлагагүй. Тийм болохоор миний хувьд хамгийн аюулгүй, зардал багатайгаар амрах таатай нөхцөл нь гэртээ юм даа.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйрийн хэлсэн “Цаг нь болоогүй байхад дайсантай бүү бол” хэмээх үг байдаг. Тэр хүн улс төрд орохдоо хүмүүстэй сайн харилцаатай байж, өөрийгөө ойлгуулж чадсаны эцэст сонгуульд ялалт байгуулж байсан түүхтэй. Тиймээс өөрийнхөө хийе гэж бодсон зүйлээ хийтлээ дайсантай болох хэрэггүй. Заавал дайсан гэхээсээ илүүтэй амжилтад хүрэхээсээ өмнө хэрэгтэй, хэрэггүй хүмүүстэй нийлж, өөртөө саад болох аливаа үл хүндэтгэсэн, ойлгомжгүй харилцаанаас хол байх хэрэгтэй гэсэн санаа юм.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛЖ ЗӨВЛӨХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

Залуу хүмүүс аливаа зүйлийг хийхдээ эсвэл хэн нэгэнтэй уулзахдаа хэзээ ч битгий үр дүнг нь шууд хүлээж очоорой. Энэ бол залуу хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа. Би тийм компанид орчихвол эсвэл тийм хүнтэй уулзчихвал сайхан болчихно гэж ойлгоод байдаг. Үр дүн гэдэг өөрөө заавал туулж, өөрийн чинь чармайлтаар гарч ирдэг зүйл болохоос биш бусад хүчин зүйлээс хамаардаг юм биш. Аливаа зүйлийг өөрөө даван туулж, тогтвортойгоор хөдөлмөрлөж байж үр дүнд хүрнэ гэдэг хандлагатай байх хэрэгтэй. Мөн алдар нэр, албан тушаалыг хэт голчлохоос илүүтэй өөрийгөө аливаа нэг зүйлд хамааралтай, хариуцлагатай болгох тал дээр анхаарах хэрэгтэй болов уу. Хамааралтай болно гэдэг чамд хүмүүс хариуцлага, итгэл найдвар хүлээлгэж, олон зүйл хийх бололцоо гарч ирнэ. Аливаа зүйлд огт хамааралгүй хүнээс хэзээ ч үр дүн гарахгүй. Зарим хүмүүстэй уран бүтээл ярихаар шууд л бидэнд ямар ашигтай вэ гэж кассын дүн асуугаад байдаг. Уг нь тэр бүтээл ямар агуулгатай, нийгэмд ямар ач холбогдолтой болохыг нь юун түрүүнд сонирхох байтал шууд үр дүн хүсэх тал бий. Түүнээс гадна мэдээллийн технологийн эрин үед бид залуу хүмүүстэйгээ илүү тулж, тэдэнд өв үлдээх, хөрөнгө оруулах тал дээр хамтарч ажиллахгүй бол бидний ирээдүй бүрхэг байх болно шүү. Бид өнөөдөр оюуны капиталыг бий болгож, хүний үнэ цэнийг дээшлүүлэхэд улс орны хэмжээнд анхаарахгүй бол байгалийн баялагтаа найдах хандлага давамгайлаад байгаа санагддаг. Тиймээс бидний үеийнхэн хүнд зааж зөвлөхөөс илүүтэй залууст өөрсдөө үлгэр дуурайл болж, тэднийг дэмжээсэй гэж уриалмаар санагддаг.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Техник технологи тэргүүтэй салбаруудад оюуны хөрөнгө оруулалт хийж бодитоор үлгэрлэж буй хүмүүсийг л урьж оролцуулах хэрэгтэй болов уу. Дэлхий нөгөө өнцөгт Ангариг гариг руу нисэх хүмүүсийн жагсаалт гаргаж байхад бид энд нүүрсээ зарж, төмөр замаа ч барьж чадахгүй суугаад байж болохгүй шүү дээ. Хэзээ нүүрсээ зарж, төмөр замаа барин хар нүхний учрыг олох юм, бүү мэд.