Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   07 сарын 11, 2019

Нэрт найрагчдын наадам өнгөлсөн шүлгүүд

Дэлгэр Монголоороо дэнж хотойтол баярлах дэлхийд ганцхан Үндэсний их баяр наадмын өдрүүд эхэллээ. Наадам бол бидний өвөг дээдэс, түүхт эх нутагтаа үзүүлж буй өргөн их хүндлэл төдийгүй өнө эртнээс уламжлагдан ирсэн өв их соёл, хүн бүрийн чин сэтгэл, хөөр баясал илэрдэг бахархалт ёслол билээ. Монгол төрийн их наадам нь биднийг монгол хэмээх давтагдашгүй өвөрмөц соёлтой, ялгамжтай үндэстэн болохыг илтгэдэг үйл явдал юм. Тиймээс Монголын нэрт найрагчдын тэрлэсэн үндэсний соёлыг мандуулан, бахархлыг бадраах наадмын тухай шүлгүүдийг онцлон хүргэж байна.

Б.ЛХАГВАСҮРЭН "ИЖИЙТЭЙГЭЭ ҮЗСЭН ТЭР ЖИЛИЙН НААДАМ" 

Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам

Наадамчдьiн зулай дээр
Нар голлон халуун байсан ч
Элбэг дээл шиг
Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн
Дан эмжээртэй
Даалимбан дээлнээс минь
Даавууньi шинэхэн үнэр
Сэнгэнэх нь даанч сайхан.

Над шиг гоё хүнгүй
Тэр жилийн наадам
Нар хур тэнцсэн
Тэр жилийн наадам.

Долоогийн даваа
Нар хэвийлгэн шувтарч
Даага ирлээ! гэсэн шуугиан
Наадмьiн хөндийг дүүргэсэн сэн...

Тосон ирсэн хоёр тоос
Бичигтийн хөндийд томолдож
Тоос тоосньi дундаас
Зургаан даага сугарсан сан...

Хошуу сүүл даран
Хоорондоо их ойрхон
Барианьi газар
Бараа саахалтьiн хэртэй

Бэлчээрт хүрсэн нь л түрүүлнэ гэсэн аархал
Эмээл бүхэн дээр ноцож байхад
Бичигт хадны сүг зураг
Татвалзаж байх шиг санагдсан...

Хөтөлгөө гүүтэй өвгөн уяач хажууд байсньiг
Хөөрч догдлохдоо би хараагүй байж...
Зөв тальiн дөрөөн сэнж хан хийлгэн
Жингэнэтэл үүрсэн хөтөлсөн гүү ньтэлүүлэв.

Зургаад нь явсан буурал даага
Зуузай даран янцгааснаа сүүл нь годойж
Хаанаас гарсан ид шид нь энэ вэ гэлтэй
Хар хурдаараа яралзан барианд магнайлав.

Хөлсий нь хусахьiн зав өгөлгүй
Хөхөө хөхөх гэж эх рүүгээ шунгав.
Эхийнхээ дууг сонссон
Эсгэл даага сут юм билээ.

Ингэдэг гэдгий нь мэддэг
Хашир уяач нум юм билээ.
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам

Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам

Ш.ГҮРБАЗАР "ДУГУЙ ХЭЭТЭЙ НААДАМ" 

Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд
Хэлэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж
Зуузай харшуулсан гурван сумын морьд
Ижилссэн юм шиг суман дэлээрээ гайхуулж
Хөх торгон баадантай хөлийн хоёр асар
Хэцийн цэнхэр салхинд хээгээ гээтэл дэрвэхэд
Еэвэн хээтэй зодгоо зууван болтол дугтралцах
Есөн давааны бөхчүүд наадмын цагирагт тэмцэлдлээ
Үйлийн үргүй хөөрхөн алтан шаргийн Цэрмаа
Үйтэн хуаран тэрлэгээ дурдан болтол дэврүүлэхэд
Хатирч саарал мориных нь газар асгасан сүүлнээс
Хаан бугуйвч сүлжих шиг туурайн мөр хоцорлоо
Дэлгэр хэтийн наадам гурав хоног нижгэнэсэн
Дэвжээнийх нь дэнж дугуй хээтэй үлдлээ

Морь наргиа хоёр цуглах жамтай талбараас
Монгол газар шороо минь туурай хээтэйг ухаарлаа
Ийм сайхан Монгол наадмаа орхиж хэн чадах вэ дээ
Наадам гэдэг өөрийн хөг аялгуутай, наадам эхлэх
Наадмын их өрнөл,наадам тарах ч гэсэн
Надад олон янзын хөг аялгуу харагддаг юм
Алчуурын торгон сэжүүр дээр салхиар хийсэн амьсгааг
Айлын бүлээн бараанаас айраг ханхайх зуныг
Аав ижийгээ дагаад хөөрч гүйцсэн өдрүүдийг
Адуу хэмээх адгуус хийморь болдог сүрийг би наадам гэж бэлгэшээдэг юм
Өвөр дүүрэн үзэмтэй наадмаар давхих сайхан
Өргөн сумын харчуудыг хараад нэгийн даваанд гармаар санагдана
Асар тойросхийн алхжээ явах хүн хүнээс наадам сонсон холхижээ явах
Өлсөөгүй ч хуушуур айрагхан амсхийж
Өдөржин наадмын хүрээгээ тойрох л сайхан байдаг юм даа

Харин үзүүр түрүү булаалдасхийгээд наадам тарна гэхээр
Үрээ дагаад хөтлөөд уяачид буцна гэхээр
Үнсье гэлээ ч аз дутах тэр минь харинаа гэхээр
Сумын захиргааны орой дэрвэсэн туг ганцаардах шиг
Сул асрын хормой нэвсэгнэх ямар уйтай гээч
Хорогдон хорогдох гал галын хөлөөр намар эхэлж
Хорлоо гуайн их охин хүнтэй суучихдагсан
Дахиад наадам болохгүй юм шиг давчуурахыг яана
Шинийн хорины өглөөнөөс зунаа хүлээж тайтгарахад
Шингэн сарны чимээнд жаргалд хорогсоод агшилхад
Нэмнээтэй ботгоны дэргэдээс эх нь холдохгүй юм шиг
Нэг л яваа насаараа наадмаа хүлээж жаргах юм даа

А.СҮГЛЭГМАА "ДЭЛХИЙД ГАНЦХАН НААДАМ" 

Хаан Чингисийн зарлигаар хамаг Монголоо нэгтгэсэн
Хатан Мандухайн зоригоор харь дайснаа сөхрүүлсэн
Алунгоо эхийн сургаалаар эв эеэ бэхжүүлсэн
Алтан дэлхийн эзэгнэл агуу хүч Монголынх
Догшин баатар Зэвийн нум сум эвшсэн
Долоо долоо үеийн Хавт Хасарууд дэвсэн
Дорноос өрнийг тамгалсан ажнай хvлэг хатирсан
Домог амилан огшоох даншиг наадам Монголынх

Есөн хөлт цагаан сүлдээ хөх тэнгэртээ асаасан
Есөн цагаан хүслээ алтан нарандаа цацласан
Ерөөл билгийн мэндээ цэнхэр хадгандаа цацраасан
Ертөнцийн зүрхнээс дуурьсах цэнгэл баяр Монголынх
Уухай хадаан ялалтын тугаа мандуулж наадъя
Улс улсын сонорт түгээн дуулж наадъя
Умардаас дорныг донсолтол бие биелж наадъя
Уул уулсыг сэрээж өндөлзүүлэн байж наадъя

Агуу сүр хүчээ бахдан алдаршуулж наадъя
Ариун тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж наадъя
Арван зүгийн бурхдыг хурайлан аргадаж наадъя
Атаа таван тэнгэрийн мэлмийг баясгаж наадъя
Нүүдэл нүүдлийн жинг хураар аргамжиж наадъя
Нүнжиг ханхалсан өвгөдөө хойморьтоо дээдэлж наадъя
Нуга нугын зэлнээс гийнгоо нисгэж наадъя
Нутаг нутгийн харчуулын аархлаар гангарч наадъя

Морин хуурын чавхдасаар хорвоог уясааж наадъя
Молцог дэрвэх асрын цэгээнд бялхаж наадъя
Монголжингоо үзэсгэлэнгээ дээлэнд баринтаглаж наадъя
Мохошгүй тэнхээт бөхийн захыг мушгиж наадъя
Торгон тэрлэгний өнгөнд жаргал хээлж наадъя
Тормон нүдэн амрагтай дөрөө ижилсүүлж наадъя
Торшгүй шандаст соёолонгийн тоосонд умбаж наадъя
Товруу мөнгөн эрвээлж дээр салхи хөлөглөж наадъя

Бай мэргэн харваачдын цэцийг сорьж наадъя
Босоо хийморьт эрсийн мэхийг сонжиж наадъя
Бусгаа аргамаг хүлгийн хурдыг шагшиж наадъя
Буурал буурал түүхийн хэлхээс шаглаж наадъя
Дээдсийн алтан шастир дэгжиж дэлгэрэх наадам
Дээлтэй ардын соёл дэгжирхэж гоёх наадам
Дэнж дэнжийн гэрээс аварга төрдөг наадам

А.ЭРДЭНЭ "ОЧИР УЛААНБАДРАХЫН НААДАМ"

Жилдээ хоёр болмоор
Улаанбадрахын наадам дээр
Сумандаа ганцхан тэр минь
Нөхөртэй болчихоод ирлээ
Үснийх нь сувдан даруулга
Эмээлийн ганзагатай ороолдож
Үйтэн хуар дээлэнд нь
Наран хөлбөрч харагдлаа
Үеийн жаахан хархүү
Заяаных нь гэж санагдаад
Үймэж гуньсан би л
Наадам дунд ганцаардлаа

Ардын дууны нугалаанаас
Морьдын хөлс ханхалдагсан
Тэгэв үү үгүй юу мэдсэнгүй
Аймгийн заан Дашдэндэв
Зүүний магнайд гардагсан
Ирсэн үү үгүй юу харсангүй
Моринд хүндэдсэн хүү
Их нас тосч давхидагсан
Хайхарсангүй
Монголын гурав хоног
Айраг залгилан өнждөгсөн
Анзаарсангүй...

С.ДАШДООРОВ "ХОЙТОН ЖИЛИЙН НААДАМ"  

Хоног өдөр улиран
Хорогдсоор л байна, гэвч
Хойтон жилийн наадам
Хол байна даа! Хол байна!

Аав тэр өдөр намайг
Аль морио уна гэх бол?
Эжийн тэгэхэд ямар дээл
Эвхээсий нь задлан өмс гэх бол?
Наадмын гурван хоногт
Унасан морь маань гундасхийвч
Нарны нь халуун илчинд
Гоёлын дээл маань гандасхийвч
Хамгийн түрүүнд, наадмаас
Харьж ирэх сайхан.

Багачууд дүү нараа шуугиулан
Баярын чихэр түгээх сайхан.
Дэнж дэвсэг дээр цоллуулж
Хэний морьд айрагдсаныг
Дэвжээ талбай дээр шоволзож
Хэний хүү түрүүлснийг
Хамгийн түрүүд, наадмаас
Харьж ирээд ярих бас ч сайхан.
Настан нялхас ялгаагүй тэдэнд
Наадмын сонин дуулгах бүр ч сайхан.

Хоног өдөр улиран
Хорогдсоор л байна. Гэвч
Хойтон жилийн наадам
Хол байна даа! Хол байна!
Зүүн голын Эгиймаа найз минь
Тэр өдөр ирдэг болуу, яадаг бол?
Зүс нийлсэн мориор гоёё гэвэл
Тэр ер зөвшөөрдөг болбуу, яадаг бол?
Наадам хүртэл баяртай гэж
Найрсгаар тэр минь инээсэн юмсан.
Хойтон болтол баяртай гэж
Хонгор тэр минь хэлсэн юмсан.

Болзсон өдөр түргэхэн шиг
Болоосой гэж яарах юм.
Хонгор түүнээ харахсан гэж
Хоног өнжин яарах юм.
Барианд очоогүй морьд, хойтон
Түрүүлж ч мэднэ.
Харахсан гэж яарнам
Барилдаад үзүүрлэсэн залуу, хойтон
Давж ч мэднэ.
Үзэхсэн гэж яарнам.
Цэнхэр дурдан алчуураа Эгиймаа
Цэцэглэж зангидаад л ирэх байхдаа.
Учрахсан гэж яарах юм.

Хацар дээрх хонхорхой нь барааны газраас
Хайр татам тодорно байх даа.
Уулзахсан гэж яарах юм.
Малчин хүний болзоо гэдэг
Магадгүй ийм л урт байдаг юм.
Урт тэр болзоо шигээ
Уйдашгүй сайхан хайр байдаг юм.
Хоног өдөр улиран
Хорогдсоор л байна. Гэвч
Хойтон жилийн наадам
Хол байна даа. Хол байна!

31480   54


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.