Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   08 сарын 04, 2019

7 хоногийн тойм: Фортнайт саятан + AI эмч + Биллборд рекорд

Ковер зургийн тайлбар: Цахим спорт, видео тоглоомын шинэ эринд тавтай морил!

онцлох

2 жилийн дотор 250 сая хэрэглэгчтэй болж, зөвхөн өнгөрсөн жил гэхэд 2,4 тэрбум долларын орлогыг компанидаа авчирсан Fortnite тоглоом түүхэн дэх анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа.

Тус тоглоомын анхны дэлхийн аваргаар 16 настай Bugha нэртэй залуу тодорч, 3 сая долларын эзэн боллоо. Дэлхий даяар явагдсан сонгон шалгаруулалтаас шалгарсан шилдэг 50 тоглогч энэ тэмцээнд оролцсон бөгөөд шагналын сан 30 сая доллар байсан нь түүхэнд хамгийн өндөрт тооцогдохуйц байв. Тэмцээнд шалгарч оролцсон тоглогч бүр дор хаяж 50 мянган долларын шагнал хүртжээ.

Тэмцээн Нью Йорк хотноо US Open явагддаг алдарт Artur Ashe цэнгэлдэхэд зохиогдсон бөгөөд хоромхон хугацаанд борлуулагдаж дууссан тасалбарыг нийт 23 мянган үзэгч худалдан авсан байна. Топ платформуудаар цацагдсан стримингийг 2.3 сая хүн үзэж сонирхсон нь уламжлалт спортын уралдаан тэмцээнүүдтэй дүйцэхүйц үзүүлэлт болов. Ташрамд дурдахад, домогт Тайгер Вүүдс энэ жилийн Мастерсийн тэмцээнд түрүүлэн 2 сая долларын шагналын эзэн болж байв.

Үүнтэй зэрэгцэн тус тоглоомын дэлхийн хамгийн алдартай тоглоомчин Ninja өөрийн нэрд гарсан платформ Twitch-ийг орхиж, Microsoft-ийн эзэмшдэг Mixer лүү шилжиж байгаагаа зарлалаа. Тэрээр 6 цагийн турш үргэлжилсэн анхны стримингээрээ дэлхийн шинэхэн аварга Bugha-тай халз тоглосон нь мөн үзэгчдийн сонирхлыг ихэд татжээ.

Amazon-ий эзэмшдэг Twitch нийт 112 сая хэрэглэгчтэй бөгөөд нийт тоглоомын стримингийн 72 хувийг дангаараа эзэлдэг. Гэхдээ Microsoft 14 сая дагагчтай хамгийн том одыг нь өөртөө нэгтгэснээр зах зээлд эзэлж буй 3 хувиа эрс өсгөх том ялалтын алхам боллоо хэмээн экспертүүд үзэж байна.

Дэлхий дахинд

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д албан айлчлал хийж, тус улсын ерөнхийлөгч Д.Трамптай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр 2 улсын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд шилжсэн гэдгийг зарласан онцлох мэдээ байв. Монгол улс өмнө нь ОХУ, БНХАУ, Япон, Энэтхэг улсуудтай стратегийн түншлэл байгуулж байсан юм.

Саудын Арабын засаг захиргаа эмэгтэйчүүдийг ганцаараа аялах, хил давахыг зөвшөөрсөн хуулийг албан ёсоор баталлаа. Ингэснээр 21-ээс дээш насны, гадаад пасспорт эзэмшиж буй эмэгтэй хүн өөрийн хүслээр хил давах боломжтой болж байгаа юм. Өмнө нь эмэгтэйчүүд "хууль ёсны батлан даагч"-тай байгаар буюу зөвхөн нөхөр эсвэл эцгийн хамтаар л гадаад явах эрхтэй байсан нь олон активистуудын шүүмжлэлийн бай болоод байсан юм. Үүнээс гадна эмэгтэйчүүд анх удаа өөрийн хүүхдийнхээ батлан даагч болох боломжтой болсон байна.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп 9-р сараас эхлэн 300 тэрбум долларын өртөгтэй Хятадын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ноогдуулахаар зэхэж байгаагаа зарлалаа. Энэ нь 250 тэрбум долларын өмнөх хоригоос тусдаа тавигдахаас гадна хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээнд ашиглагддаг технологийн бараа багтсан нь анхаарал татаж байна. Хятад, АНУ худалдааны хэлэлцээрээ ахин эхлүүлэх болсноо зарлаад удаагүй байгаа билээ.

Гүүглийн толгой компани Alphabet 117 тэрбум долларын бэлэн мөнгөний нөөц хөрөнгөтэй болж, урдаа явсан Apple-ийг гүйцлээ. Нэгэн үе 167 тэрбум долларын нөөцтэй хэмээн бүртгэгдэж, хамгийн их бэлэн мөнгөний хөрөнгөтэй компанид тооцогдож байсан Apple хамгийн сүүлийн тайландаа 102 тэрбум долларын бэлэн мөнгөтэй хэмээн мэдүүлжээ.

технологийн ертөнцийн эргэн тойронд

Facebook бодлоороо удирдаж, чиглүүлж болох AR төхөөрөмж бүтээж байгаагаа зарлалаа. 2029 он гэхэд олны хүртээл болгох зорилготой тус технологийн үндсэн судалгаагаа тэд олон нийтэд ил болгосон бөгөөд гар оролцуулахгүйгээр тодорхой үйлдлүүд хийх боломжтой, хамгийн бодит мэдрэмж төрүүлэх чадвартай контент хийх зорилготой байгаа гэнэ.

Google-ийн эзэмшдэг AI технологи хөгжүүлэгч DeepMind бөөрний цочмог дутагдлыг уламжлалт шинж тэмдэг нь илрэхээс 48 цагийн өмнө тодорхойлох хиймэл оюуныг хөгжүүлснээ зарлалаа. Энэ нь жил бүр 2 сая хүн амиа алддаг энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, бэлтгэл хангахад онцгой хувь нэмэр оруулах болно гэдгийг эрдэмтэд онцолжээ.

Дэлхийтэй төстэй гарагийг илрүүлэх зорилготой NASA-ийн TESS хиймэл дагуул гурван шинэ гарагийг илрүүлсэн гэнэ. Эдгээр гарагууд хэмжээний хувьд дэлхийтэй төстэй буюу ойролцоо, тойрох одой нарнаасаа орших зай нь амьдрал оршин байхад харьцангуй таатайд тооцогдож байгаа гэдгээрээ онцлогтой юм.

Э.Маскийн анхлан санаачилж байсан, хүнийг 1000 км/цагийн хурдтайгаар тээвэрлэх онолын боломжтой гэгдэх Hyperloop-ийн төсөл бодит болоход нэг алхам ойртлоо. Энэтхэг улс уг төслийг албан ёсоор "нийтийн төсөл" хэмээн бүртгэж, Пуне болон Мумбай хотуудын хооронд шаардлагатай туннелийг барих тендерийг зарласан байна. Уг төслийн эхний 500 сая долларын санхүүжилт мөн шийдэгдсэн бөгөөд өмнө нь 3,5 цаг шаардагддаг байсан аяллыг 35 минут болгон бууруулах ач холбогдолтой хэмээн тэмдэглэжээ.

Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй стартап гэгдэх ByteDance Хятадын зах зээлд шинэ хайлтын системийг танилцууллаа. ТikTok апп-аараа алдаршиж, улмаар ухаалаг утас, хөгжмийн стриминг зэрэг өөр зах зээлд хүч түрэн орж ирж буй тэд зах зээлийн 75 хувийг эзэмшиж буй Baidu-тай өрсөлдөх амбицтай байгаа нь энэ юм.

AI эмч таны амийг аврахыг хүсэж байна

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Facebook өөрсдийн эзэмшдэг сошиал апп-ууд болох Instagram, Whatsapp-ийн брэндийн өнгө төрхөд өөрчлөлт хийх болсноо зарлалаа. Тэд цаашид "Instagram from Facebook", "Whatsapp from Facebook" гэсэн нэршлүүдийг ашиглах болсон нь харьцангуй бие даасан үйл ажиллагаатайд тооцогддог бизнесүүдээ өөрсдийн нэг хэсэг гэдгийг харуулах зорилготой юм. Ташрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт Америкийн эрх баригчид Фэйсбүүкийн эдгээр компаниудыг худалдан авалтуудыг шударга өрсөлдөөний журам зөрчсөн эсэхийг ахин шалгах болсноо зарласан билээ.

Apple өнгөрсөн улиралд 53,8 тэрбум долларын борлуулалттай ажилласнаа зарласны дараагаар нэгж хувьцааны үнэлгээ нь 4 хувиар өсчээ. Хэдий iPhone-ий борлуулалт тасралтгүй буурсаар байгаа ч үйлчилгээний бизнес нь 13 хувиар өсч, борлуулалт нь 11,4 тэрбум долларт хүрсэн нь онцлох үзүүлэлт байлаа. Мөн тэд шинэ бүтээгдэхүүн, технологи хөгжүүлэлтэд 4,3 тэрбум доллар зарцуулсан нь 2003 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Дэлхийн хамгийн том эмийн компани Pfizer өөрсдийн патентгүй эмийн бизнесээ гол өрсөлдөгчдийн нэг Mylan-тай нэгтгэж байгаагаа зарлалаа. Ингэснээр топ зах зээлүүдэд хамгийн өндөр борлуулалттайд тооцогддог EpiPen, Viagra зэрэг эмүүд жилд 20 тэрбум долларын нэгдсэн борлуулалттай нэг компанид харьяалагдах болж байна. Сонирхуулахад, өнгөрсөн 12-р сард Pfizer өдөр тутмын эрүүл мэнд, амьдралын хэв маягийн бүтээгдэхүүний бизнесээ өөр нэг өрсөлдөгч GSK-тэй нэгтгэсэн билээ.

Америкийн хоол хүргэлтийн зах зээлийн тэргүүлэгч DoorDash гол өрсөлдөгчдийн нэг Caviar-ийг 410 сая доллараар худалдан авлаа. Сонирхуулахад, байгууллагын катеринг захиалгаар дагнасан Caviar-ийг 5 жилийн өмнө Твиттерийн үүсгэн байгуулагч Ж.Дорсигийн финтек стартап Square 90 сая доллараар өөрийн болгоод байсан юм.

Хятадын тэргүүлэгч тээврийн стартап Didi дэлхийн топ газрын тос, эрчим хүчний компаниудын нэг BP-тэй урт хугацааны гэрээ байгуулснаа зарлалаа. Шинэ хамтын ажиллагааны хүрээнд талууд Хятад орон даяар цахилгаан машин цэнэглэгч станцуудыг барьж байгуулна гэнэ. Didi хамгийн олон буюу 600 мянган цахилгаан машиныг платформдоо нэгтгэсэн дуудлагын апп-д тооцогддог юм.

Фэйсбүүкийн энэ үйлдэл олон хэрэглэгчдийг бухимдуулах нь гарцаагүй

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Lil Nas X-ийн "Old Town Road" 17 дахь долоо хоногтоо Биллбордын шилдэг дууны жагсаалтыг тэргүүлснээр бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоолоо. Өмнөх дээд амжилтыг 1995 оны М.Кэйригийн "One Sweet Day", 2017 оны Л.Фонсигийн "Despacito" эзэмшиж байсан билээ. 20 настай залуу уран бүтээлчийн хит дуу нь үүнээс гадна стриминг, дижитал борлуулалтын жагсаалтыг ч тэргүүлсээр байгаа юм.

E!: Яагаад Lil Nas X-ийн амжилт онцгой гэж?

"Fast & Furious Presents: Hobbs & Shaw" нийт 60 сая долларын орлогыг цуглуулан, Хойд Америкийн бокс оффисийг тэргүүллээ. Хэдий энэ нь "Fast & Furious" цувралын хувьд хамгийн муу дебют болсон ч энэ жилийн хувьд Дисней, Марвелын биш хамгийн амжилттай нээлтээ хийсэн бүтээл болж байгаагаараа онцлогтой. Тус кино дэлхийн 53 улсын чартыг мөн тэргүүлсэн бөгөөд аль хэдийн 120 сая долларыг олоод байгаа гэнэ. 2-р байрт 1 тэрбум долларын босгыг даваад удаагүй байгаа "The Lion King" бичигдсэн бол 3-т К.Тарантиногийн найруулсан "Once Upon A Time in Hollywood" жагсчээ.

Кэйти Перригийн 2013 оны хит бүтээл "Dark Horse" зохиогчийн эрх зөрчсөн тул 2,8 сая долларын торгууль төлөх болсон байна. Шүүхээс тус уран бүтээлийн зарим хэсэг нь Flame хамтлагийн 2008 онд гаргасан "Joyful Noise" -аас хуулбарласан хэмээн үзсэн аж. "Dark Horse" нь нийт 2,6 тэрбум үзэлттэйгээрээ Youtube-ийн хамгийн топ видео клипүүдийн нэгт тооцогддог бөгөөд эзнээ Грэммид нэр дэвших боломж олгосон бүтээл билээ.

Рок-н-роллын хаан гэгдэх Элвис Преслигийн намтраас сэдэвлэсэн бүрэн хэмжээний кино 2021 оны 10-р сард гарна хэмээн Warner Bros мэдэгдлээ. Домогт дуучны амьдралын 20 жилийн түүхийг хүүрнэх уг киног Moulin Rouge, The Great Gatsby-г бүтээгч Баз Люрман найруулах бол гол дүрд Америкийн залуу жүжигчин Остин Батлер тоглох болжээ.

Орландод байрлах Universal Studios тоглоомын парк шинэ сэдэвчилсэн паркийг байгуулах болсноо зарлалаа. Epic Universe нэртэй уг парк нь уг төвийн дөрөв дэх бие даасан парк болох учиртай бөгөөд бүтээн байгуулалтын ажил нь одоо байгаа хэмжээг 2 дахин нэмэгдүүлнэ гэдгийг онцоллоо. Тус паркийн үндсэн тоглоом, сэдвүүд болон зардал зэрэг нь тодорхойгүй байгаа ч нийт 14 мянган ажлын байрыг бий болгох боломжтой хэмээн мэдэгдсэн байна.

17 дахь долоо хоногийн хувилбар

алдалгүй унших арван мэдээ

CNN: АНУ-д дараалсан буут халдлага боллоо
Эл Пасогийн Валмартад гарсан халдлага 20 хүний аминд хүрсэн бол Охайогийн халдлагад дор хаяж 9 иргэний амь нас хохирчээ

Techcrunch: Samsung Galaxy Note эвентээс юу хүлээх вэ?
Санхүүгийн тайлан хангалтгүй гарсан, Японы худалдааны хориг зарлагдсан үед Самсунгийг шинэ бүтээгдэхүүнүүд нь аварч чадах болов уу?

CNBC: Ж.Бэйзос 1,8 тэрбумтай тэнцэх Амазоны хувьцааг заржээ
Санаа зоволтгүй, дэлхийн хамгийн чинээлэг эр жил бүр 1 тэрбум долларын хувьцаагаа зарж, сансрын технологи хөгжүүлэгч стартап Blue Origin-доо зарцуулдаг

Polygon: Minecraft-ийн сэргэлт
91 сая хэрэглэгчтэй Майкрософтын топ тоглоом Youtube оддын ачаар эргэн сэхэл авсан мэт санагдав. Тэднийг юу хүлээж байна вэ?

BBC: Алцхаймерыг цусны шинжилгээгээр илрүүлэх цаг ойртсоор
Хамгийн түгээмэл хөгшрөлтийн өвчнийг эрт илрүүлэх боломжийг олох нь эмчилгээг бүтээхэд нэг алхам ойртсон хэрэг болох учиртай

BI: Pinterest -ийн тайлан эерэг гарсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээв
Юникорнуудын ээлж дараалсан бүтэлгүйтлийн дараагаар Пинтерест 300 сая хэрэглэгчтэй болсноо зарлаж, борлуулалтаа нэмснээ мэдэгдлээ

AP: Япон, БНСУ-ын хооронд худалдааны дайн эхлэв үү?
Японы талаас хагас дамжуулагч, ухаалаг утас, өндөр технологийн бүтээгдэхүүний түүхий эдэд тавьсан хоригийн хариуг барина гэдгээ Солонгос мэдэгдэв

Variety: Онцлох: Силвестр Сталлоне
Үе үеийнхний шүтээн болсон домогт жүжигчин Рокигийн шинэ ангийг бүтээхээр итгэл төгс ажиллаж байна

Vox: Миллениалуудын хямрал
Судалгаагаар миллениалуудын 22 хувь нь "найзгүй", 30 хувь нь "ганцаардмал" гэж өөрсдийгөө тодорхойлжээ. Харин та юу гэж өөрийгөө дүгнэх вэ?

The Guardian: Франц зохион бүтээгч Английн сувгийг хүүвербордоор гатлав
Өөрийн зохион бүтээсэн нисдэг бордоор Францаас Англи хүрэхэд түүнд ердөө 20 минут л хангалттай байв

6134   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.