Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   07 сарын 23, 2019

Апп тойм: Deepstash - Агуу санааг цөөн мөрөөр

Дэлхий ертөнц асар хурдтай хөгжин өөрчлөгдөж, робот, хиймэл оюун зэрэг технологийн дэвшлүүд хөдөлмөрийн зах зээлд томоохон орон зайг эзэлж, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох болжээ. Тийм ч учраас мэргэжлийн гэхээс илүүтэй багаар ажиллах, хүмүүстэй харилцах зэрэг хувийн ур чадварууд ирээдүйд хамгийн эрэлттэйд тооцогдож байна. Хувь хүний нийгмийн ур чадварууд нь ажлын байранд тушаал ахих, бусдаас нэг алхмын урд алхах хөшүүрэг болдог болжээ. Энэ удаагийн апп тоймоор бид үнэ цэнтэй санааг богино хугацаанд өгч, харилцааны чадварыг хөгжүүлэхэд дэм болох Deepstash апп-ийг онцлон танилцуулж байна. 

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Өдөр бүр өөртөө өөрчлөлт хийж, урагш ахихыг хүссэн хэн бүхэнд зориулан Deepstash апп-ийг санал болгож байна. Энэ апп нь Hardward Business Review, Inc., Psychology Today, Big Think, Vox, 99U зэрэг нэр хүндтэй сайтуудын үнэ цэнтэй, чанартай нийтлэлүүдийг товч байдлаар хураангуйлан, гол санааг тодотгон уншихад хялбар болгож өгдөг. Мөн апп-ийн санал болгож буй товчлолууд нь 20 цаг тутамд шинэчлэгддэг тул мэдээллээс хоцрох талаар санаа зоволтгүй.

Энэхүү апп-ийн тусламжтайгаар та цагийн менежмент, харилцааны ур чадвар, асуудлыг шийдвэрлэх, багаар ажиллах зэрэг төрөл бүрийн сэдвийг, амьдралаа өөрчлөх мянга мянган санааг судалж хэрэгжүүлэх боломжтой болно. Товчоор хэлбэл, та өөрийн soft skill-ийг сайтар хөгжүүлэх боломж бүрдэх юм.

Апп-ийн товчлон хүргэдэг санаанууд нь уншихад хялбар бөгөөд ихэвчлэн нэг өгүүлбэрт хураангуйлсан зөвлөгөө, эшлэл байдлаар нийтлэгддэг. Эдгээрээс та өөрт тохирох арга барил, зөвлөгөөг туршиж үзэх боломжтой.

Ямар онцлог, давуу талтай вэ?

Хэрвээ хэт дэлгэрэнгүй бичсэн нуршуу мэдээлэл унших дургүй бол энэ апп танд яг тохирно. Учир нь уг апп найдвартай, бодит мэдээллийн эх сурвалжид тулгуурлан нийтлэлийг цөөн өгүүлбэрт багтаан товчлон хүргэдэг. Сэдвийн хувьд эрүүл мэнд, санхүүгийн боловсрол зэрэг хувь хүний хувьд зайлшгүй анхаарал хандуулах сэдвүүдээс эхлээд урам зориг төрүүлэх алдартнуудын эшлэлүүд ч бий. Эдгээрийг уншаад танд шинийг эхлүүлэх, ажил, амьдралдаа өөрчлөлт хийх сэдэл төрнө гэдэгт эргэлзэхгүй байна.

Цагийн менежмент, харилцаа, асуудал шийдвэрлэх, багаар ажиллах, манлайлал, эрүүл мэнд, санхүү зэрэг ерөнхий ангиллын дагуу олон мэдээллийг цэгцтэйгээр ангилж өгчээ.
Жишээ нь, эрүүл мэнд сэдвийн хүрээнд “Бясалгал” гэсэн дэд сэдвийг сонговол "Бясалгал гэж юу вэ" гэх энгийн асуултаас эхлээд бясалгал хийх арга барил, техник, ач тусын талаар бүрэн мэдээлэл авах боломжтой.

Ямар сул талтай вэ?

Апп-ийн хувьд өөлөх зүйлс багатай ч уншихыг хүсэж буй мэдээллийн ангиллыг өөрийн хүссэнээр сонгох боломжгүй. Өдөр тутам шинэчлэгддэг, санал болгож буй мэдээллүүд апп-ийн нүүр хэсэгт шууд гардаг нь нэг талаар сул тал гэж хэлж болно.

Unread-ийн үнэлгээ

Үр дүнтэй, хэрэг болохуйц арга барил, дадлуудаас суралцах боломжтой Deepstash апп-д Unread-ийн зүгээс 8 оноо өгч байна. Товчлолыг шинэ түвшинд аваачиж, уншигчдадаа хувийн шинэчлэлт хийх, урам зоригоор тэтгэх, харилцааны ур чадвараа ахиулах боломжийг олгох энэ апп-ийг заавал ашиглаж үзэхийг санал болгоё.

Татаж авах

10642   2


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Лхагвацэрэн




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.