Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   08 сарын 01, 2019

Би хэрхэн ажилладаг вэ? - Magnolian буюу "Fat Cat Jazz Club"-ийн хамтран байгуулагч, артист Б.Дөлгөөн

Бид энэ удаагийн дугаартаа дуучин, хөгжимчин Magnolian буюу "Fat Cat Jazz Club"-ийн хамтран байгуулагч Б.Дөлгөөнийг урьж оролцууллаа. Тэрээр 2015 оноос хойш инди фолк урсгалаар тасралтгүй уран бүтээл туурвиж, дэлхийн томоохон фестивалиудад эх орноо төлөөлөн оролцож байсан билээ. Б.Дөлгөөн дуу хөгжим туурвихын сацуу кино урлагт хүчээ сорихыг хүсдэг нэгэн бөгөөд энэ жил "Од ба гэгээ" киноны гол дүрд тоглосныг манай уншигчид санаж байгаа байх. Мөн тэрээр өнгөрсөн жил жазз клубийг хамтран байгуулсан нь өдгөө хотын залуусын цуглах дуртай газар болоод байгаа юм. Ингээд Magnolian-ий ажлын арга барилтай танилцацгаая.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: Артист, "Fat Cat Jazz club"-ийн хамтран байгуулагч
Хэрэглэдэг гар утас: iPhone XS
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro
Сошиал хуудсууд: Magnolian (Facebook), @magnolianmusic (Instagram), Magnolian (Youtube), Magnolian (Spotify)

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Би олон зүйлийг зэрэг хийдэг арга барилтай. Ингэхдээ бүгдийг нь 100 хувь, байж болох хамгийн сайн хувилбараар нь хийхийн төлөө эрмэлздэг. Олон зүйл хийдэг болохоор миний өдөр бүр өөр өөр байдаг. Өнөөдөр өчигдөр шиг биш, маргааш өнөөдөр шиг биш байх болно. Заримдаа компьютерын урд төвлөрч сууна, заримдаа студи орно гээд янз бүр. Нэг давтагддаг зүйл нь би студи орох өдрөө өөр ямар ч ажил төлөвлөдөггүй.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Би Dropbox, Notes их ашигладаг. Ихэнх файлаа Dropbox дээр хадгалдаг. Хэн нэгэн рүү яаралтай файл явуулах хэрэг гарвал заавал ажил дээрээ очиж, компьютероо асаалгүйгээр Dropbox ашиглаад тэр дор нь утаснаасаа явуулчих нь амар байдаг. Notes-ийг бол өөрт төрсөн санааг тэр дор нь буулгах гэж хэрэглэдэг. Ер нь бичиж болох бүгдийг л Notes дээр бичдэг. Бүр өдрийн тэмдэглэл хөтөлж, дараа нь хийх зүйлсийнхээ жагсаалтыг ч гаргадаг.

Хэрэгслийн хувьд би анхны гитараа онцолмоор байна. Тэр гитар дээр л би тоглож сурсан. Арван хоёр наснаас минь одоо хүртэл надтай хамт байгаа эд. Тэр үед басс гитар авахуулахыг хүсэж байсан ч аав ээж хоёр маань "Эхлээд банзан гитар тоглоод сурчихвал дараа нь бүгдийг нь өөрөө сурчихна" гээд SX банзан гитар авч өгсөн. Энэ гитар дээрээ "Famous Men" цомгийн тал дуунуудаа бичсэн. Хөгжмийн зэмсгийг удаан хэрэглэх тусам улам сайжирдаг юм шиг санагддаг. Тухайн хөгжмийг ашиглан дуу бичих тусам хөгжим амь ордог. Тийм ч учраас энэ гитараа нандигнан хайрладаг.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Явган явахыг л хамгийн их цаг хэмнэдэг зүйл гэж боддог. Хаа нэгтээ түгжирч зогссоноос хөгжим сонсоод алхаж байсан нь хавьгүй дээр. Энэ үедээ би шинэ санаа олж, ажлаа төлөвлөн бодлоо цэгцэлдэг. Би явган явах их дуртай.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ? 

Би хүнд мэдрэмж төрүүлэхүйц орчин бүрдүүлэхдээ хамгийн сайн. Орчин гэдэг хүнд ямар нэг мэдрэмж, сэдэл өгч байх ёстой гэж боддог. Анхаарал төвлөрөлт, бүтээлч байдалд хүртэл нөлөөлдөг. Харин би өөрийнхөө байгаа орчинг дулаан уур амьсгалтай, хүмүүст гэртээ байгаа юм шиг дотно мэдрэмж төрүүлэхүйц байлгахыг хүсдэг. Энэ маань ч Fat Cat Jazz Club дээр харагддаг байх. Бас юмыг эмх цэгцэнд оруулахдаа сайн.

Таны Уран бүтээл хэрхэн төрдөг вэ? Дуу зохиох үйл явцаа ярьж өгөөч?

Нэг жишээ авч яръя. Сүүлд гаргасан Indigo гэх дуугаа би хоёр хоногийн дотор бичиж байсан. Энэ дууны эхлэл хэсгийн ая намайг гитараа бариад сууж байхад орж ирсэн. Тэгээд эхний өдөртөө тэр ая дээрээ ажиллаж байгаад, орж ирсэн бүх санаануудаа Voice Memo-доо буулгасан. Би түрүүнд гудамжаар алхахдаа юм боддог гэсэн ш дээ. Яг тэр ёсоор маргааш нь гудамжаар алхахдаа аяа, санаагаа сонсоод л яваад байсан. Тэгээд өдөржин дотроо энэ хэсэгт ийм зүйл нэмнэ, тэндээс тийм зүйл хасна гэж бодож явсаар орой нь гэртээ ирээд хоёр цагийн дотор дуугаа тэр чигт нь гараас гаргасан.

Харин клипийн тухайд бол би дуунуудаасаа хоёрынх нь клипийг өөрөө хийж байсан. Хамгийн анх гаргаж байсан "Someday" гээд дууныхаа клипийг хийхдээ утсан дээрээ хуучны камерын өнгийг дууриалгасан 8мм-ийн камер гэдэг апп татаж аваад бүтэн өдөржин найз охинтойгоо Улаанбаатарын гудамжаар алхаж байлаа. Тэгээд тэр оройдоо видеогоо монтажлаад, клипээ хийж дуусгасан. Бас сүүлд хийсэн "Indigo" дууныхаа клипийг өөрөө найруулж байсан. Бусдыг нь бол дандаа хүмүүстэй хамтарч хийсэн. Би хүмүүстэй хамтарч ажиллах дуртай. Ялангуяа видео тал дээр. Би дууны клипийг дууны нэг хэсэг биш тусдаа нэг бүтээл байх ёстой гэж боддог.

Түүний гар бичмэл

уран бүтээл туурвихын сацуу бизнес эрхлэхийн эерэг давуу тал болон хэцүү бэрхшээлтэй тал нь юу байдаг вэ?

Уран бүтээл хийхийнхээ хажуугаар бизнес эрхлээд, маркетинг хийгээд явах их сонирхолтой байдаг. Яагаад гэвэл би өмнө нь огт бизнесийн чиглэлийн зүйл хийж байгаагүй. Би ирээдүйд хэрэг болох олон зүйлийг шинээр сурч байгаа. Бас дотроо ийм газар нээж ажиллуулж үзэх юм сан гэж мөрөөддөг байснаа хийгээд хэрэгжүүлээд явж байгаа нь сайхан байдаг. Нөгөөтээгүүр яахын аргагүй хийх ажил нэмэгддэг тул цомог гаргах маань удаж байна.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Нэлээд хэдэн зүйл дээр ажиллаж байна. Цомог дээрээ тасралтгүй ажилласаар л байгаа. Маргааш студи орж хоёр дуугаа дуусгана. Бас ирэх долоо хоногт Золжаргалтай хамт Швейцарт болох Locarno фестивальд "Баавгай болох сон" буюу “If Only I Could Hibernate” киногоороо оролцоно. Удахгүй манай Fat Cat Jazz Club-ийн нэг жилийн ой болох гэж байна. Үүнтэй холбогдуулж хийх нэг бэлтгэл ажил бий.

Мөн би хэзээнээсээ л өөрөө кино хийхийг хүсдэг байсан. Өөрөө зохиолоо бичээд, өөрөө найруулахыг эрмэлздэг. Энэ тал дээр би бага багаар өөрийгөө сургаж, дээшээ ахиж байгаа юм болов уу гэж боддог. "Од ба Гэгээ" кинонд тоглоод камерын урд гараад үзчихлээ. Кино продюсерлэж үзэж байна. Одоо шинэ дууныхаа клипийг ч өөрөө найруулах бодолтой байна. Бага багаар ахиж байгаад өөрийнхөө киног хийх байх аа.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Би ямар нэг зүйл хийж бүтээхийн төлөө явж байгаа бүх хүнээс урам зориг авдаг. Тэднээр бахархдаг. Би сайхан дуу сонсоод өөрөө гоё дуу хийхийг хүсдэг. Сайн кино үзээд чанартай кино хийхийг хүсдэг.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Би арван жилд байхдаа ээжээсээ "Яавал илүү ухаантай болох вэ?" гэж асууж байснаа мартдаггүй юм. Тэр үед ээж маань "Сонгодог номууд унш" гэж хариулаад, "Харри Поттер" мэтийн хүүхдийн зохиолуудыг уншдаг байсан би шууд "Анна Каренина"-г уншиж байсан юм. Тэгээд нэг хэсэг сонгодог зохиол уншиж, сонгодог кино үзэж, сонгодог хөгжим сонссон. Би одоо уран зохиолын биш баримтат ном их уншдаг болсон. Одоо Тара Вестоверийн "Educated" номыг уншиж байна. Нийгмээс дэндүү тусгаарлагдмал амьдардаг гэрийнхнээсээ холдон бие дааж, өөрийн хүчээр боловсролтой болж буй эмэгтэйн тухай гардаг сонирхолтой ном.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Гэрээс. Зүгээр л гэртээ байх нь надад хамгийн сайхан санагддаг. Би гэртээ ном уншаад юм уу кино үзээд суух дуртай.

Та ямар хөгжим сонсдог вэ? ӨӨРИЙН ДУУНААСАА АЛИНД НЬ ИЛҮҮ ДУРТАЙ ВЭ?

Би аль болох олон төрлийн уран бүтээл сонсохыг хичээдэг. Яг нэг жанрт баригддаггүй. Инди фолк, рок, аккустик, поп, хип хоп. Жанр болгон дээр л гоё сайхан, онцгүй тааруу дуунууд бий. Хөгжмийг хоолтой зүйрлэх юм бол хэтэрхий "хэлбэр" дагасан дуунууд сахар нь ихэдсэн, эрүүл бус хүнс. Үүнийг нэг их сонсоод хэрэггүй л болов уу. Тиймээс би аль болох “эрүүл” чанартай, сайн уран бүтээл олж сонсохыг эрхэмлэдэг. Сүүлийн үед этиоп жазз сонсоод байгаа. Яг сонсож байгаа артист гэвэл би өнөө өглөө Chance the Rapper-ийн цомгийг татсан. Сүүлд Andrew Bird-ийн шинэ EP Album-ийг сонссон.

Өөрийнхөө дуунуудаас хэд ч сонсож чадах дуу бол "The Beach Song". Зовлонгүй, сайхан мэдрэмж төрүүлдэг дуу. Яг л далайн эрэг дээр нар жаргахыг хараад сууж байгаа юм шиг мэдрэмж.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Шөнө ихэвчлэн 12 цагийн үед унтдаг. Өглөө фитнессд явдаг гурван өдрөө зургаан цагаас, үлдсэн өдрүүдэд нь 7-8 цагийн үед босдог. Биднийг багаас л бага унт, битгий залхуур гэж сургадаг байсан болохоор өмнө нь нойрондоо ач холбогдол өгдөггүй байсан. Оройтож унтаад, өглөө эрт сэрээд явчихдаг байв. Одоо бол нойрондоо их ач холбогдол өгч, нойроо гүйцэд авахыг хичээдэг болсон. Сүүлийн үед би их биеэ сонсдог болсон. Өлссөн үедээ идээд, ам цангаж байвал уугаад, ядарч байвал унтаж байгаа. Хүний бие өөрөө юу хэрэгтэйгээ нэхдэг болохоор түүнийг нь өгч эрүүл мэнддээ анхаарал тавихаар шийдсэн шүү.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Аав маань хэлдэг юм. "Хүн өөрийн дур сонирхолтой зүйлийг хийгээд явах юм бол аз жаргалтай амьдарч, амжилт олох нь их байдаг" гэж.

Залуу уран бүтээлчдэд хандан ЮУ ГЭЖ ХЭЛЭХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

Би уран бүтээлийн тал дээр юм хэлж чадахгүй. Яагаад гэвэл тэд бүгдээрээ өөрсдийн мэдрэмжээр хөглөгдөн, өөрсдийн бүтээлийг хийж яваа. Харин итгэлтэй хэлж болох зүйл гэвэл уран бүтээлчид бид гадаад хэл сайн сурах шаардлагатай гэж боддог. Тэгвэл сайн судалгаа хийх, өөрийгөө илүү хөгжүүлэх боломж бүрдэнэ.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

"Gerhub" ТББ-ын хамтран байгуулагч, найз Г.Бадруунаа санал болгож байна. Тэр бол миний мэдэх хамгийн сонирхолтой хүмүүсийн нэг. Чин сэтгэлээсээ бусдын төлөө, Монгол улсынхаа ирээдүйн төлөө санаа тавьж ажиллаж байгаа залуусын төлөөлөл. Ертөнцийг үзэх үзэл болон ажлын арга барил нь олон хүмүүсд сонирхолтой байна байх.

14386   8


НИЙТЭЛСЭН:

Nominjargal Batkhuyag

Гэрэл зургийг:

Г.Ананд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.