Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   08 сарын 07, 2019

Би хэрхэн ажилладаг вэ? - AngelHack компанийн Ази, Номхон Далaйн бүс хариуцсан захирал Жонас Волф

Саяхан Улаанбаатарт болж өнгөрсөн Shape APAC чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн дэлхийн 30 гаруй орны залуу лидерүүдийн нэгтэй ярилцсанаа бид өнөөдөр толилуулж байна. Тэр бол Германд төрсөн, АНУ-д төвтэй AngelHack компанийн Ази, Номхон Далайн бүсийг хариуцсан захирал Жонас Волф юм. AngelHack нь дэлхий олон улс оронд хакатон зохион байгуулдаг, хүрээлэлдээ 100,000 орчим хөгжүүлэгчийг нэгтгэсэн, Цахиурын хөндийд төвтэй компани юм. Жонасын хувьд Германд боловсрол эзэмшиж, голчлон АНУ-д бизнесийн салбарт ажиллан, Германд хувцас загварын стартап байгуулж явжээ. Хятадад суралцаж байх үедээ AngelHack-тай карьераа холбосон тэрээр коммюнити буюу хүмүүсийн нэгдэл, шинэ санаа, технологийн хүч нөлөөллийг чухалчилж, эдгээрээр дамжуулан эргэн тойрондоо эерэг өөрчлөлтийг авчрахыг хичээдэг.

Байршил: Бээжин
Эрхэлдэг ажил: AngelHack компанийн Ази Номхон Далайн бүс хариуцсан захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone
Хэрэглэдэг лаптоп: MacBook
Сошиал хуудас: Jonas Wolf (LinkedIn)

ТА ЭХЛЭЭД КОМПАНИЙНХАА ТУХАЙ ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?

Манай AngelHack-ийн баг компаниудад, төрийн байгууллагуудад хакатон болон бусад зөвлөх үйлчилгээ, сургалт семинараар дамжуулан инновац хийхэд нь тусалдаг. Бид код бичигчид, стартап эхлүүлэгч залуучуудыг дэмжиж, тэднийг ментор ба бусад нөөцүүдтэй холбож өгдөг юм. 2011 онд байгуулагдсан манай компани хурдтай өссөөр өдгөө 65 улсад төрөл бүрийн хакатон зохион байгуулсан байна. Ер нь манай үйл ажиллагаа Startup Weekend байгууллагынхтай нэлээн төстэй. Гэхдээ ялгаатай нь технологийн талыг нь илүү чухалчилдаг. Миний хувьд анх нэг төслөөр дамжуулан компанидаа сайн дурын ажилтнаар орж байсан. Би өөрөө технологийн суурьтай хүн биш болохоор технологид ойртох нь надад таалагдсан. Би Angelhack-д орохоосоо өмнө нэг дундын оффисд ажилладаг байв. Тэр компанийг маань ReWork худалдаж авсан тул Хятадад дөнгөж үйл ажиллагаагаа идэвхжүүлж эхэлсэн Angelhack-ийн нэг хэсэг болж, эхнээс нь босгож бүтээх нь сонирхолтой санагдсан.

AngelHack 20 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээс Бээжинд 4 нь бий. Манай үүсгэн байгуулагч, захирлууд дунд эмэгтэй, цагаач хүмүүс байдаг тул компани маань inclusive буюу нийгмийн төрөл бүрийн бүлгүүдийн оролцоог хангасан, том алсын хараатай байж чаддаг. Тиймдээ ч Марк Кубан зэрэг томчуудыг зөвлөхөө болгож чаддаг байх.

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Бид код бичих, найраа (pitch) хийх, бүтээгдэхүүн хөгжүүлэх зэрэг олон сэдвээр эвент, арга хэмжээнүүдийг байнга зохион байгуулдаг. Том компаниудад зориулж хөтөлбөр, арга хэмжээнүүд зохион байгуулж өгнө. Үүний тулд олон сайн дурын ажилтантай хамтрах ёстой болдог. Өөрөөр хэлбэл бидний ажлын мөн чанар нь хүний төлөө ажлуудыг хүмүүстэй хамтран хийхэд оршдог.

Миний хувьд би ажилдаа уян хатан, чөлөөтэй байдлыг эрхэмлэдэг. Долоо хоногийн 2-3 өдрийг оффисоосоо ажиллаж, харин 2 өдрийг нь гэрээсээ юм уу дундын оффисуудаас ажиллаж өнгөрөөдөг. Бээжин том хот болохоор аль нэг газар уулзалт хийвэл тэр хавьдаа өөр ажлууд амжуулах буюу сууж ажилласан нь дээр байдаг. Би маш их уулзалт хийдэг. Стартап эхлүүлсэн залчуучууд, том компанийн төлөөлөгчид, төрийн албаныхантай гээд л. Монголоос буцаж очоод хамгийн түрүүнд Microsoft-ийн ажилтантай уулзана. Тэд Бээжинд нэг инкубатортай юм. Байнга уулзалт хийх нь заримдаа мэдээж амар биш. Хийх олон төсөл, уулзах олон хүн байдаг болохоор ажлаа зөв эрэмбэлэх нь их чухал байдаг даа.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

WeChat-гүйгээр Хятадад амьдрах аргагүй. Бидний харилцааны гол суваг. Гэхдээ бүтээгдэхүүн талаасаа хэрэглэхэд тун тааруу апп (инээв). WeChat дээр миний хамрагддаг олон групп бий. Мөн Slack дээр зарим ажлаа явуулдаг. Төслийн урт хугацааны төлөвлөлт, хяналтад зориулж Trello-г ашигладаг. Сошиал медиагийн тухайд, би LinkedIn-ийн фэн. Фэйсбүүк, Твиттерийг бага сага л ашиглана. Энэ хоёр апп Хятадад хориотой гэдгийг хүмүүс мэдэх байх.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Түрүүнд хэлсэнчлэн ажлаа байршлаар төлөвлөх нь их цаг хэмнэдэг. Долоо хоногийн эхэнд юм уу өмнөх өдөр нь маргааш хаана ажиллахаа шийднэ. Бээжинд миний ажилтай холбоотой хэд хэдэн Hub буюу төвлөрсөн бүс байдаг. Технологид төвлөрсөн, эсвэл судалгаанд төвлөрсөн, эсвэл хөрөнгө оруулалтад төвлөрсөн гээд хоорондоо ялгаатай. Бээжин шиг хотод нэг өдөрт хоёр өөр ийм бүс руу явахгүй байх нь чухал.

Нээрээ Ticktick гэх ажлын жагсаалт гаргадаг апп ашиглаж эхэлсэнтэй холбоотойгоор миний цагийн менежмент тун ч сайжирсан шүү. Одоо харин нэг сурах ёстой зүйл бол шийдвэртэй "Үгүй" гэж хэл сурах байгаа юм. Хүнтэй байнга уулзана гэдэг өөрөө бүтээлч байхын эсрэг ч юм шиг зүйл. Хүнтэй харилцах ажил ихтэй болохоор, урт хугацааны том зорилгодоо хүрэхийн тулд зарим зүйлсэд яахын аргагүй үгүй гэж хэлэхээс өөр аргагүй.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Би өөрийгөө intrapreneur буюу байгууллага доторх энтрепренер гэж хэлж болох байх. Одоогоор бизнесийн үүсгэн байгуулагч биш ч гэсэн багаа бүрдүүлэн хөгжүүлж, компанийнхаа харилцаа холбоог сайжруулсаар байна. Мөн сайн дурын залуучуудын нэгдлээ тэлж хөгжүүлэхэд гойд анхаардаг. Саяхан энд явж байхад нэг сайн дурын ажилтан маань Европ руу сургуульд явах гээд тодорхойлох захиа бичүүлж авах жишээтэй. Стартап экосистемийг хөгжүүлж, энтрепренершипийг дэлгэрүүлэх энэ ажилдаа би дуртай. Байнга арга хэмжээ, сургалт зохион байгуулах, цагийн зөрүү ихтэй Америк руу өглөө эрт, орой шөнө ярих зэргээр цаг наргүй ажилладаг ч гэсэн сайн тал нь хавьгүй их.

Байршлын тухайд Бээжин ажиллахад бас давуу, сул талууд бий. Ялангуяа агаарын бохирдол хэцүү байдаг. Заримдаа хэлний, бас салбарын бодлого журам нь жаахан хүндрэлтэй. Харин энтрепренершипийг дэмжих тал дээр Хятад улс сайн ажиллаж байгаа. Энтрепренерийн визийг гаргасан анхны улсуудын нэг шүү. Шийдэх асуудал ихтэй, тэр хэрээр боломж ихтэй байдаг.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Миний хувьд компанийн орлогыг нэмэгдүүлэхэд голлон анхаарч ажилладаг. Амжилттай хамтын ажиллагаануудыг үүсгэж, мөнгөний урсгалаа хангах нь чухал. Хятадад бид зөвлөх үйлчилгээний хэлтэсгүй учраас хакатон, сургалт семинараар гол орлогоо бүрдүүлдэг. Хятадын хотуудад сүүлийн үед чадалтай энтрепренерүүдийг татах, инновацыг хөгжүүлэхэд онцгой анхаардаг болсон. Бид төрийн байгууллагуудад энэ санаа, мэдээллээ үр дүнтэй түгээхэд нь бас тусалдаг.

Мөн сүүлийн үед хятад хэлээ улам сайн сурах, хүний нөөцтэй холбоотой чадваруудаа хөгжүүлэхэд анхаарч байгаа. Ер нь өдөр тутам шинэ зүйлд суралцаж, өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Хүний нөөцийн гэж онцолдог нь, компанийн хамгийн үнэ цэнтэй зүйл нь хүмүүс байдаг. Гэвч ихэнх компани хүмүүстээ хангалттай хөрөнгө оруулалт хийж чаддаггүй. Тийм ч учраас ирээдүйд компаниудыг хүний нөөцийн асуудлыг шийддэг бизнес хийнэ гэж боддог.

МОНГОЛД ИРЖ SHAPE APAC ЧУУЛГАНД ОРОЛЦСОН СЭТГЭГДЛЭЭ БИДЭНТЭЙ ХУВААЛЦАХГҮЙ ЮУ?

Монголд ирсэндээ тун их баяртай байна. SHAPE APAC бол ДЭЗФ-ын дэргэдэх залуу лидерүүдийн нийгэмлэг болох Global Shapers Community-ийн Ази, Номхон Далайн бүсийн чуулга уулзалт юм. Үүнийг манай Улаанбаатар дахь салбарын залуучууд "Чингисийн хүрээ" амралтын газар "Shaping Happiness" буюу "Аз жаргалыг тодорхойлох нь" сэдвээр тун амжилттай зохион байгуулж өглөө. Монгол залуучууд маань биднийг гайхалтай сайхан угтан авч, улс орныхоо түүх, соёл, өнөөгийн нөхцөл байдлыг дэлгэрэнгүй танилцуулж өгсөн. Тэр бүхнээс мэдэх, сурах зүйл их байлаа. Хоол нь маш амттай, байгаль нь гоёмсог, хүмүүс нь зочломтгой газар байна. Хятад улс шиг шийдэх асуудал ихтэй, тэр хэрээр монгол залуучуудад асар их боломж байгаа юм шиг санагдсан шүү.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Ном унших дуртай. Номуудыг хураангуйлан хүргэдэг Blinklist гэх Германаас гаралтай апп-аар долоо хоногтоо 4-5 номын товчлол уншчихдаг юм. Өнөө цагт олон сэдвийн талаар мэдлэг мэдээлэлтэй байж, тэдгээрийгээ ашиглан асуудлыг томоор харах чадвар чухал болсон тул ингэж товчлол унших нь хэрэгтэй байдаг. Мэдээж бас номыг хэвлэмлээр нь, бүтнээр нь уншина. Японы "Икигай" гэх номыг уншиж байна. Сүүлд "Grit"-ийг уншиж дуусгасан. "Дайтах урлаг"-ийг хааяа сөхөж эртний Хятадын ухаанаас суралцана. Хүний нөөц, компанийн соёлын сэдвийг сонирхдог болохоор хэдэн сарын өмнө "The Cultural Code" номыг уншсан. Мөн стартап сонирхогчдын заавал унших бүтээлүүдийн нэг "Delivering Happiness, мөн түүхэн жишээ ихтэй "48 Laws of Power" зэрэг номуудыг уншсан. Шинэ технологийг сонирхдог тул хагас жилийн өмнө "Blockchain Revolution"-ыг бас уншсан юм байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Харьцангуй өргөн хүрээнд сонсдог шүү. Ажиллаж байх үедээ заримдаа сонгодог юм уу хятад хөгжим тавьдаг. Ихэнхдээ электро, хүчтэй рок, хип хоп хөгжим тавьдаг.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Өдөр бүр янз янз. Гэхдээ орой 12 цагаас өмнө орондоо орж өглөө 6:30-д босохыг хичээдэг.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Чөлөөт цаг багатай ч гарсан үед нь найзуудтайгаа хөзөр юм уу хөлөгт тоглоом тоглох дуртай. Найз охинтойгоо янз бүрийн юм хийнэ. Спортын идэвхтэй. Гүйнэ, ууланд гарна, өвөлдөө цанаар гулгана. "Инновац, технологийн салбарт ажилладаг германчууд" гэх мэт миний идэвхтэй байдаг нэгдэл, нийгэмлэгүүд цөөнгүй бий. Эдгээр найзууд, хамт олонтойгоо хамт цагийг өнгөрөөх дуртай.

Гэрийнхэн, найзууд маань Германд байдаг. Би Германд очоогүй үедээ тэдэнтэйгээ нэг их холбогддоггүй юм. Гадаадад ажиллахын хамгийн том золиос нь тэр болдог. Харин Германд очсон үедээ өөр юу ч хийлгүй гэрийнхэнтэйгээ, найзуудтайгаа байхыг хичээдэг.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Эргэн тойрноо харахад, түүхийг харахад өөрчлөлт гэдэг зүйл хамгийн хувиршгүй, мэдээжийн зүйл байдаг. Өөрчлөлт өнөөдөр технологийн нөлөөгөөр улам хурдан өрнөдөг болж байна. Өөрчлөлтөөс хоцрох нь их алдагдалтай, хэцүү зүйл болж байна. Тиймээс би өөрчлөлтийн нэг хэсэг байхыг, түүнд нөлөө үзүүлэхийг хүсдэг. Харин бодитой өөрчлөлтүүдийг зоригтой, том зорилго тавьснаар хийдэг юм шиг санагддаг. Элон Маск жишээ нь пуужингийн тухай огт мэддэггүй байснаа, пуужинтай холбоотой бүх номыг уншаад, бүх мөнгөөрөө дэнчин тавин бүтээж эхэлсэн байдаг. Жефф Безос Амазон гэхээсээ дахин ашигладаг пуужин бүтээсэн, сансрын технологид өөрчлөлт хийсэн гэдгээрээ дурсагдахыг хүсэж байна гэж ярилцлагадаа хэлсэн байна лээ. Ийм агуу өөрчлөлтүүд дэлхий дээр өрнөж байна. Би энэ мэт том өөрчлөлтийн нэг хэсэг байхыг эрмэлздэг.

Мөн хүмүүст туслах, тэдэнд нөлөөлөх нь намайг урагшлуулдаг нэг гол хүчин зүйл гэж болно. Найз охин маань профессор юм л даа. Хятад хэт их хүнтэй тул хүн бүр чанартай боловсрол эзэмших бололцоогүй байдаг. Тиймээс би найз охиноо боловсролын салбарт стартап эхлүүлээч гэж уриалдаг. Өөрөө шинэ сургалтын хөтөлбөр боловсруулаад явбал тэрийг нь бусад газрууд хуулбарлаж, магадгүй тэр нь ирээдүйд бодлого нөлөөлөх ч юм билүү. Илүү их нөлөөлөл үзүүлж чадах юм биш үү гэж байгаа санаа нь тэр. Стартапууд, хувийн хэвшлийнхэн энэ тал дээр том ялгаа гаргаж чадна гэж боддог. Хүний нөөцийн салбарыг онцгойлон сонирхдог маань асар олон хүнд нэгэн зэрэг нөлөөлж болох чадамжтай нь холбоотой юм.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Би олон жил компаниа байгуулахаас эмээж явсан. Тэгээд өөрийн гэсэн компанийг байгуулаад нэг уужирч билээ. Америк дахь менторуудынхаа санал зөвлөгөөний ачаар би өөрийн хүссэн замд хөл тавьж,АНУ дахь өндөр цалинтай ажлаа орхин Хятадад ирсэн. Одоо нэг үеэ бодвол хятад хэлээ дажгүй сурч, таатай ажилтай болж, найзууд ба танилын хүрээллээ өргөжүүлсэн байна. Товчхондоо "Айж эмээх хэрэггүй. Nike-ийн уриалдагчлан, зүгээр л хий" гэсэн зөвлөгөө надад их хэрэг болсон. Үүнийг би бусад залуучуудад ч хэлнэ. Бусдын үг, хандлагаар биш, нийгмийн хүлээлтээр биш, өөрийгөө сонсон шийдвэр гаргаж байгаарай.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Гаднын, жишээ нь Хятадын энтрепренерүүдтэй ярилцвал сонирхолтой байх болов уу. Үүсгэн байгуулагчид, энтрепренерүүдээс ялангуяа бүтэлгүйтсэн түүхүүдийг нь сонсвол их сонирхолтой байна байх гэж бодож байна.

НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Гэрэл зургийг:

О.Бүтэд

Хандалт / Сэтгэгдэл:

7523   0

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.