Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   08 сарын 16, 2019

Өөрийгөө чөлөөлж бүтээлч байдлаа хурцлах нь + Төгс төгөлдөрт хүрэх 30 алхам

Бид үргэлж л бүтээлч байхыг эрмэлздэг. Юм бичих, зурах, дизайн гаргах, бүжиг, хөгжим туурвих, хоол хийх... Энэ бүхэнд бүтээлч сэтгэлгээ хэрэгтэй. Гэвч сайн бүтээл хийхэд дан ганц бүтээлч сэтгэлгээ хангалтгүй. Өөртөө итгэх, бусдыг сонсох, сэтгэлийн хат, тууштай байдал гээд олон зүйл хэрэгтэй болдог. Өнөөдрийн нийтлэлээр бид "бүтээгч" хүн ямар үе шатуудыг туулдаг, хэрхэн урагшилдаг талаар хоёр сонирхолтой контент хүргэе. 

TIGER ROAR 2019 - Jezel

Авьяас чадвараа чөлөөлж олон улсын тавцанд гарахыг уриалж буй Tiger брэндийн TIGER ROAR хөтөлбөр манай Unread-ийн багийн гишүүн Д.Ганзулын (Jezel) түүхийг онцолж дараах видеог цацжээ. Артист болох зорилготой тэрээр өөрийн дотоод тэмцэл, бүтээлч байхыг хичээх явцдаа юу мэдэрдэг, юу бодож санадгаа энэхүү видеонд хуваалцсан бөгөөд "Бүтээгч хүмүүст зориулав" уриатай Unread-ийн бид үүнийг илүү олон хүнд хүргэхийг хүслээ.

Та бүхэн уг видеоны Subtitle-ийг идэвхжүүлж болох бөгөөд видеоны текстийг давхар энд сийрүүлье:

Jezel:
Хүн бүхэнд хүсэл эрмэлзэл бий. Биднийг тэтгэж, биднийг чиглүүлж байдаг тийм нэг гал эрмэлзэл. Хүсэл эрмэлзэл маань гал шиг дүрэлзэж буй үед бид өөрсдийнхөө амьд байгааг мэдэрч, хүчтэй гэдгийг ойлгодог.

Би үргэлж л урлагийн бүх төрлүүдийг сонирхож ирсэн. Дуулж бүжиглэж байх үед, дизайн гаргаж, ер нь үгээр хэлэх боломжгүй санаануудыг урлагаар илэрхийлэх үед надад яг л хийх ёстой зүйлээ л хийж байгаа мэт санагддаг. Урлагийн энэ бүх төрлүүдэд хил зааг гэж үгүй. Энэ бүхнийг салшгүй болгож байгаа зүйл нь бүтээлч байдал юм. Харин бүтээлч байхын тулд хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй.

Гэвч заримдаа юмс хүссэнээр болдоггүй. Заримдаа би хүчгүй, үнэ цэнгүй, цор ганцаараа юм шиг, заримдаа бүр авьяасгүй ч юм шиг мэдрэмж төрдөг. Санаа зовж, өөрийгөө бусадтай харьцуулдаг. Хангалттай сайн байж чадахгүй байгаа юм шиг санагдаж, өөрийгөө хязгаарлаж орхидог.

Тийм болохоор гал эрмэлзэл, бүтээлч байдлыг тэжээж тэтгэх хэрэгтэй. Сөрөг бодол бол зүгээр л бодол, бодит үнэн биш. Сөрөг бодлууд төрж л байдаг. Бидний замд амжилт, уналт үргэлж байсаар л байх болно.

Тиймээс тууштай бай. Сул талаа хүлээн зөвшөөрч давуу талаа хурцал. Илүү бүтээлч байхыг эрмэлз. Өдөр бүр ӨӨРИЙГӨӨ ЧӨЛӨӨЛ.

Хүн бүрийн дотор бар нуугдан байдаг. Тэр хоригдох ёсгүй. Өөрийн доторх барыг чөлөөл.

Хөтөлбөрт хэрхэн оролцох тухай : https://bit.ly/2MzwC3J
Хөтөлбөрт бүртгүүлэх : https://bit.ly/2JOXh9H

ТӨГС ТӨГӨЛДӨРТ ХҮРЭХ 30 алхам

Одоо тэгвэл аливаа зүйлийг төгс хийж, төгс бүтээж сурахын тулд ямар ямар үе шатуудыг даван туулах ёстойг өгүүлсэн нэгэн зөвлөмжийг хүргэе. Бэн Каснокагийн блог дээр олж үзсэн энэ сонирхолтой зөвлөгөөний англи эхийг та хүсвэл эндээс үзээрэй.

1. Эхэл.
2. Үргэлжлүүл.
3. Чи өөрийгөө шаардлагатай ур чадваруудыг эзэмшиж эхэлж байна гэж бодно.
4. Чи хэн нэгний бүтээлийг хараад өөрийгөө жигтэйхэн голно.
5. Үргэлжлүүл.
6. Үргэлжлүүл.
7. Одоо чамд ер нь юмныхаа учрыг олоод байгаа мэт санагдана.
8. Гэвч тийм биш байна.
9. Үргэлжлүүл.
10. Чи бусдын санаа бодлыг сонсоно. Тэд эелдгээр базаахгүй хариулт өгөх болно.
11. Гутрал.
12. Үргэлжлүүл.
13. Үргэлжлүүл.
14. Чи хэн нэгний санаа бодлыг сонсоно. Тэдний хариулт таатай болж ирнэ.
15. Гэхдээ тэд юу ярьж байгаагаа ч мэдэхгүй.
16. Үргэлжлүүл.
17. Өөрт таатай маягийн мэдрэмж төрж, одоо өөрийн чадах зүйлсээр бага зэрэг бахархмаар санагдана.
18. Өөрийгөө жигтэйхэн голж шүүмжилнэ.
19. Гутрал.
20. Үргэлжлүүл.
21. Чи хэн нэгний санаа бодлыг сонсоно. Тэд нэлээн нааштай хариу өгнө.
22. Гэвч тэд андуурсаар л.
23. Гутрал.
24. Яагаад гэдгээ хэлж мэдэхгүй ч чи үргэлжлүүлсээр байна.
25. Амарч зогсохоо болино.
26. Тулхтай найдвартай хүнээс магтаал сонсоно.
27. Гэвч тэд андуурсаар л... (Андуураагүй ч юм уу?)
28. Угийн өөр хийх зүйлгүй учраас чи үргэлжлүүлсээр л байна.
29. Эцсийн эцэст чи төгс хийдэг болно. Гэвч өөрөө ч үүнийгээ үл мэднэ.
30. Тийм ээ, үргэлжлүүлсээр л бай.

10284   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.