Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   08 сарын 27, 2019

Апп тойм: Hippocards - Цээжил, давт, бүү март

"World is flat" номоороо шуугиан тарьсан зохиолч Томас Фридман дэлхий ертөнц улам хавтгай болж, хил хязгаараа давж буйг интернет, технологийн хөгжилтэй холбон тайлбарласан билээ. Энэхүү даяарчлалын нөлөөгөөр хэн нэгэн гадаад хэлтэй байх нь давуу тал гэхээс илүүтэй өдөр тутмын хэрэглээ болж, харилцаа холбоо тогтоох, мэдээлэл хүлээн авах гол түлхүүр болоод байна.  Ийм цаг үед англи хэлийг илүү сонирхолтой, зугаатай байдлаар суралцаж, үгсийн сангаа нэмэгдүүлэх боломжийг танд атгуулах “Hippocards” апп-ийг танилцуулахаар бэлтгэлээ.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ЁСТОЙ ВЭ?

Гадаад хэлээ сайжруулахаар хичээж буй хэн бүхнийг энэ апп-ийг ашиглаж үзэхийг санал болгож байна. “Faro” сургалтын төвөөс хоёр жил гаруйн хугацаанд хөгжүүлсэн “Hippocards” апп нь англи хэлний хамгийн өргөн хэрэглээнд байдаг шилмэл 6000+ гаруй үгийг зугаатай бөгөөд амархан цээжлэхэд тань туслах болно. Энэхүү аппд одоогийн байдлаар долоон багц үгсийн сан байрлаж байгаа тул өөрийн төвшинд тохирсон багцыг сонгох боломжийг “Hippocards” олгоно.

ЯМАР ОНЦЛОГ ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

Апп-ийн хамгийн гол онцлог нь оюуны зураглал буюу төсөөлөх аргаар үг цээжлэхэд туслах юм. Цээжлэхийг хүссэн үгэн дээр дарснаар тухайн үгийг тайлбарлах хөдөлгөөнт зураг гарч ирэх бөгөөд доор нь монгол орчуулга, дуудлагыг нь багтаажээ. Мөн тухайн үгийн дуудлага, агуулгатай ижил, төстэй түлхүүр үгийг багтааж, түүнийгээ уран төсөөллөөр баяжуулсныг үзвэл үг цээжлэх ийм сонирхолтой билүү хэмээн уран зоригийг тань сэргээх вий.

Тухайлбал, extremely буюу туйлын, маш хэмээх утгатай үгийг тайлбарлахдаа “экс тэр ийм л байна” гэх үгийг түлхүүр үг болгож “Экс тэр ийм л байна (Extremely) одоо хүртэл өөрчлөгдөөгүй ТУЙЛЫН залхуу хэвээрээ байна” хэмээн хошин нэг өгүүлбэрт оруулжээ.

Уг апп-д анхан, дунд, ахисан, IELTS, SAT, TOEIC гэсэн зургаан түвшний багцуудаас 6000 гаруй үгсийн сан багтсан учраас англи хэлний ямар ч төвшинтэй хүн ашиглах боломжтой. Хэрвээ та ямар шатны үг цээжлэхээ мэдэхгүй байвал апп-д бүртгүүлээд төвшин тогтоох шалгалт өгч, суралцах түвшин, багцаа сонгох боломжтой. Тус апп хөгжүүлэгч багийнхан цаашид үгсийн сангаа арвин болгохоор шинэчлэл хийж буй ажээ.

Ингээд тухайн багцийн үгнүүдийг цээжлэсний дараа “Мэднэ, мэдэхгүй”, “Нэг сонголттой”, “Зурагтай”, “Нөхөх” гэсэн дөрвөн төрлийн шалгалтыг өгч өөрийн мэдлэгийг бататгаж болно. Түүнээс гадна хэрэглэгч үг цээжлэх боломжтой, идэвхтэй цагаа тохируулж, үг цээжлэх сэдлийг өгөх сонордуулга (notification) тохируулах боломжтой ажээ.

Сонирхуулахад, апп-т нэвтэрсэн үедээ Screenshot болон Screen Recording хийвэл нэвтрэх эрхийг хязгаарлаж, оюуны бүтээлийг хүндэтгэх шаардлагыг тавьдаг байна.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Тус апп-д бүртгүүлсэн нэг хэрэглэгчийн хаяг (account)-аас өөр төхөөрөмжөөр давхар нэвтрэх боломжгүй ажээ. Монгол залуусын ур ухаанаар чамгүй хугацаанд туршиж, хэрэглэгчдийн гарт хүрж буй шинэхэн “Hippocards” апп-ийг ашиглан өөрсдийн хэлний мэдлэгээ ахиулах, үгсийн сангаа баялаг болгоход нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Веб: http://www.hippo.cards/
Facebook: Hippocards

Instagram: @hippocards

Холбоотой нийтлэлүүд

Гадаад хэлийг хурдан сурахыг хүсэгчдэд өгөх түгээмэл биш 3 зөвлөгөө
Гадаад хэл суралцагчдад зориулсан мэдүүштэй сайтууд
Гадаад хэл сурах, чадвараа ахиулахыг хүссэн хүн бүрт: Хамгийн шилдэг 5 онлайн курс
Апп тойм: Англи хэлээ сайжруулахад туслах 5 апп

Татаж авах

22008   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Лхагвацэрэн




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.