Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   08 сарын 29, 2019

Мэдүүштэй: Стартап компанид ажиллахгүй байх 5 шалтгаан

Бид стартап эхлүүлсэн болон эхлүүлэх хүсэлтэй хүмүүст зориулан олон зөвлөгөө нийтлэл бичдэг. Ямар нэг сонирхолтой, "гайхалтай" санааг бодит амьдрал дээр биежүүлэхээр зорьж буй стартапууд залуучуудыг ч соронздон татдаг. Гэхдээ стартап нь зарим давуу талыг олгодог шигээ хэд хэдэн сул талтай. Тогтсон ажлаа солиод стартапд нэгдэх хүсэлтэй бол, стартапд ажиллаж буй найзууд чинь атаархмаар санагддаг бол та энэ нийтлэлийг уншаарай. Ажил карьертаа амжилт гаргах олон зам байдаг бөгөөд тэдгээрээс аль өөрт тохирохыг сонгох нь чухал билээ.

1. амралт бАГАТАЙ

Стартап компанид ажиллах хүчин цөөн байдаг. Иймд хэрэглэгчид болоод хөрөнгө оруулагчдаа сэтгэл хангалуун байлгахын тулд шаргуу ажиллах ёстой болно. Шөнө дунд хүртэл суун ажиллах, амралтын өдрүүдээ золионд гаргах энүүхэнд. Гэхдээ та илүү цагийн мөнгө авахгүй л болов уу. Учир нь стартап компанид илүү цагийн мөнгө байхгүйн дээр энэ нь хэвийн л зүйл байдаг юм. Тэгэхээр энэ тухай гомдоллох утгагүй хэрэг болно. Гэхдээ стартап компани энэ сул талаа нөхөхийн тулд ажлын орчинд уян хатан байдлыг чухалчилдаг бөгөөд даргархуу зан гаргаж, тогтсон цагийн хуваарьт барих гэж оролдох нь ховор.

2. Стартапын том "ГУНШИН" БОЛ үнэндээ "жижиг"

Стартап компаниуд цөөн албан тушаалаа ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, ахлах гэх мэтээр сүртэй нэрлэдэг. Гэхдээ эдгээр нь удирдлага дороо тун цөөн хүнтэй буюу зарим тохиолдолд нэг ч хүнгүй албан тушаалууд байдаг. Тэгэхээр том компанийнх шиг өндөр байр суурь эзэлсэн алба биш юм. Та өөрөө л олон зүйлийг бие даан хийх болно. Авууштай нь нэрийн хуудас дээрээ та "том" байж чадна.

3. БУЖИГНАСАН орчинд ажиллах болно

Стартапын ажилтнуудад хамгийн түрүүнд тулгардаг бэрхшээл бол бизнесийн орчин дахь бүх л үйл ажиллагааг өөрийн биеэр гүйцэтгэдэг явдал. Стартап хүмүүсээс аливаа үүрэг даалгаврыг байж болох хамгийн богино хугацаанд дуусгахыг шаарддаг. Түүнчлэн стартап зарим талаар ажилтнууддаа ямар нэг зүйлд мэргэших боломж олгодоггүй гэж хэлж болно. Учир нь нэг хүн олон зүйлийг хийдэг, олон ажлыг нэг л удаа хийгээд өнгөрөх нь бий. Ийм ч учраас томоохон компанийн хүний нөөцүүд стартапд ажиллаж байсан хүмүүсийг нарийн мэргэшээгүй гэж үзэх тохиолдлууд гардгийг санаарай.

4. МӨНГӨН АШИГ ХҮРТЭХЭД АМАРГҮЙ

АНУ зэрэг экосистем нь хөгжсөн газруудад стартап компанийн эхэн үед ажилд орвол хувьцааны багахан хэсгээс эзэмших боломж олддог. Ийм эрхтэй болсон хүмүүс компанийн үнэлгээ өсөх тусам баярладаг. Компани нь амжилтанд хүрээд ганц шөнийн дотор баяжсан хүмүүс байдаг л даа, гэхдээ ховор. Компанийн үнэлгээ өсөхийн хэрээр нийт хэдий хэмжээний хувьцаа гаргасан, нэгж хувьцааг хэрхэн үнэлэх нь тодорхойгүй болж эхэлдэг бас нэг асуудал байдаг. Монголын нөхцөлд бол стартапаас компаниас хувь хүртдэг жишээ ховор бөгөөд сонгодог стартапын зарчмаар ажилладаг компаниуд саяхнаас л бий болж буйг санах хэрэгтэй. Ер нь цалин хөлс сайтай ажил хийхийг хүсэгчдэд бол стартап тийм ч зөв сонголт болохгүй болов уу.

5. ЕРӨӨС СТАРТАП КОМПАНИ БҮТЭЛГҮЙТЭХ МАГАДЛАЛ ӨНДӨРТЭЙ

Нийт стартапуудын 90 хувь нь дампуурдаг гэх судалгаа бий. Энэ нь бизнесийн модель, бүрдсэн баг, хөрөнгө санхүүжилт гээд олон хүчинтэй холбоотой. Тиймээс стартапыг үүсгэн байгуулагчид ялангуяа эхний бүтэлгүйтлүүдээ нэг их гуниж гутраад байдаггүй. Шууд л дараагийн компаниа эхлүүлдэг тохиолдол олон. Харин стартапын ажилтнууд хаачих вэ? Өөр стартапд орж болох ч дахиад л ийм хувь заяа хүлээж байх магадлалтай тул хаана ажиллах гэж байгаагаа сайн судлах хэрэгтэй. Өөрөө стартап эхлүүлж болох ч маш их нөөц шаардлагатай байдаг нь гачлантай.

эцэст нь хэлэхэд

Стартап компанид ажиллахад ийм эрсдэл, бэрхшээлүүд байдаг ч өмнө дурдсанчлан давуу талууд мөн байгаа нь тодорхой. Ялангуяа мөнгөн бус үр өгөөжүүд. Үүнд, бүтээлч хүмүүстэй хамтран ажиллах, олон зүйл хийж сурах, тэсвэр хатуужил суух, уян хатан ажиллах зэрэг олон зүйл багтана. Нэг хүний жин нөлөө их байдаг болохоор хийж буй эерэг өөрчлөлт, ахиц дэвшил хурдан хугацаанд гаргаж болдог онцлогтой. Стартапд ажиллана гэдэг ерөөс ердийн байдлаар ажиллахын нэр биш, тэс өөр амьдралын хэв маяг гэдгийг л сайн санаарай. Яг л Eagles-ийн Hotel California дууны үгэнд гардаг шиг “Чи хүссэн үедээ гарч болно. Гэхдээ хэзээ ч орхиж чадахгүй.”

6066   1


НИЙТЭЛСЭН:

Nominjargal Batkhuyag




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.