Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   09 сарын 08, 2019

"Educated: Боловсролд тэмүүлсэн дурсамж" номын тухай

Боловсролын асуудал өнөөдрийн дэлхий дахины хамгийн чухал бөгөөд эмзэг сэдвийн нэг болоод байна. Энэ түүх бол шашны хэт шүтлэгтэн гэр бүлийн золиос болсон ч харьж буцашгүй хүсэл тэмүүллээр боловсрол эзэмшиж, дэлхийн шилдэг дээд сургуульд зэрэг хамгаалсан бяцхан охины нулимстай, гунигтай, бахархам түүх юм. Өнгөрсөн оны эхээр хэвлэгдэж, дэлхий даяар богино хугацаанд уншигчдын талархлыг хүлээн, хамгийн эрэлттэй номуудын нэг болсон Тара Вестоверын “Educated: Боловсролд тэмүүлсэн дурсамж” номыг “Балж энд Пүрэв Паблишинг” компаниас орчуулан, 9 сарын 14, 15-нд болох "Үндэсний номын баяр"-аар уншигчдад хүргэх гэж буй ажээ.

НОМЫН ТУХАЙ

Америкийн баруун хойд хэсэгт орших Айдохо мужийн уулархаг нутагт төмрийн хог хаягдал ялгаж амьжиргаа залгадаг гэр бүлийн долоон хүүхдийн отгон нь болж мэндэлсэн Тара Вестоверийн бага насны дурсамжаар ном эхэлж байна. Мормоны чанд хатуу урсгалыг дагагч эцэг нь гэр бүлээ нийгмээс тусгаарлаж, уулархаг нутагт ирж суурьшин, хүүхдүүдээ ч сургуульд явуулалгүй өсгөжээ. Шашных нь номлолд нийгэм, улс төр, байгалийн гамшиг болоход өөрсдийгөө эсэн мэнд авч үлдэхэд бэлэн байх ёстой гэж сургадаг тул эцэг нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бүхнийг эсэргүүцэн, гадаад ертөнцөөс тусгаарлагдан, Шүүлтийн өдөрт бэлтгэж амьдрах ажээ. Тиймээс Тара ухаан орохын л ойр орчмын буйд нутаг дахь цор ганц домч болсон ээжийгээ даган, элдэв ургамлын ханд, уламжлалт эмчилгээ хийж явдаг байлаа.

Аав нь энэ зуур хүүхдүүддээ Засгийн газраас ойр зэргэлдээ айлуудыг хэрхэн түрэмгийлж, алж талсан талаарх зохиомол түүх ярина. Хэн нь ч сургуулийн танхимд хөл тавьж, хэн нь ч эмнэлгийн өрөөнд орж үзээгүй буйд нутаг дахь гэр бүлд Эзэнд итгэх итгэл үнэмшил л хууль мэт үйлчлэх ажээ. Тиймээс л Тара 9 нас хүртлээ төрсний гэрчилгээгүй явсан хэрэг. Өөрийгөө яагаад бусдаас өөр, бүр төрсний гэрчилгээ ч байхгүйг гайхширсан мөчөөс бүх зүйл эхэлнэ. Бүх зүйл буруу тийш эргэсээр. Өсөж томрохын хэрээр төмрийн хаягдал боловсруулах цэг дээр ах нартайгаа аавынхаа ажилд туслах болно.

Элдэв янзын төмрийн хаягдлыг ангилах, ачих эрсдэлтэй ажилд ямар ч хамгаалалтгүй ажиллаж олон гэнэтийн осолтой нүүр тулжээ. Нэг удаа ахынх нь гагнуурын оч хаягдал машины банкан дээр үсэрч, амьдаараа шатаж, арьс нь тэр чигээрээ шахуу шувтарч унахад аав нь юу ч болоогүй мэт ээж рүү нь явуулсан байх жишээний. Бас хоёр удаагийн аюултай авто ослын дараа тэд мөн л гэртээ элдэв ургамлын ханд ууж, цагийн эрхээр эдгээсэн нь үнэхээр нүд халтирам дүр зураг байлаа. Боловсрол муутай, мухар сүсэгтэй эцэг эхийнх нь бүтээсэн эрсдэлтэй амьдрал, хий хоосон төөрөгдлөөс гадна сэтгэцийн өөрчлөлттэй, хүчирхийлэгч ахынх нь утгагүй үйлдэл Тараг хэд хэдэн удаа хүнд гэмтээж, зарим үед алахаа шахжээ. Зохиолчийн туулсан энэ амьдрал арван хэдтэй охинд дэндүү хүндэдсэн хувь тавилан ажээ.

Нэг л өдөр ахынхаа санал болгосноор хувиараа шалгалтад бэлдэн коллежид элсэхээр зориглосноор амьдрал нь илүү саад бэрхшээлтэй ч гэрэлтэй зам руу эргэнэ. Тара төрж өссөн орчноосоо огт өөр ертөнцөд хөл тавьж, өөрт нь хоногшсон зуршил, хэв дадлаа өөрчлөхөөр зүтгэж эхэлнэ. Боловсролын хувьд асар зөрүүтэй орчинд амьдарч, төрж өссөн орон гэрээсээ холбоо харилцаагаа салгаж чадахгүй хоёрдмол, хүндхэн нөхцөлд тэр сургуульдаа үлдэх бүхий л боломж хайж байлаа. Өвчин зовлон, мөнгө төгрөгнөөс эхлээд Тарад асуудал өч төчнөөн. Гэвч төрөлхийн дайчин шаргуу зангаар бүхнийг давж, их сургуулийн багш нартаа авьяас чадвар, хичээл зүтгэлээ харуулснаар сургуулийнхаа шилдэг оюутны тоонд багтаж, дэлхийд нэр хүндтэй Кэмбрижийн их сургуулиас 2009 онд философийн ухааны магистр, 2014 онд түүхийн докторын зэрэг хамгаалсан авсан юм.

Энэ бол олон тохиолддоггүй бахдам түүх. Энэ хооронд Тара гэр бүлийнхэнтэйгээ холбоотой, өөрийн чадахаар халамж тавихыг хичээсэн ч Айдохо дахь гэрт нь юу ч өөрчлөгдөөгүй тул бүр мөсөн холбоогоо таслахад хүргэжээ. Зүрх шимшрэм, заримдаа бодит явдал гэдэгт итгэмээргүй үйл явдал гарах ч хүний хүсэл тэмүүлэл санаанд багтамгүй хэцүүг даван туулах хүчийг өгдөг, тэр бүх асуудлыг шийдэхэд боловсрол хэрхэн нөлөөлдгийг энэ ном амттай өгүүлжээ. Энэхүү гайхалтай ном өдгөө ч Нью Йорк Таймсын бестселлерт багтсаар, олон мянган уншигчийг хүсэл мөрөөдөлд нь хөтөлсөөр байна.

Уншигч та "Educated" номыг худалдан авахыг хүсвэл 9 сарын 14-15-ны өдрүүдэд болох "Үндэсний номын баяр" дээр хүрэлцэн ирж, "Арвис Паблишинг" компанийн асрыг зориорой.

5782   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

У.Бямбаням




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.