Орчин үед нийгмийн хариуцлага гэх ойлголт хүчээ авч, энэ тал дээр компаниуд онцгой анхаардаг болсон. Монгол хэлнээ нийгмийн хариуцлага, англи хэлнээ нийгэмдээ эргэн өгөх гэж буух энэ ухагдахуун компанийн үнэ цэн, нэр хүндийг тодорхойлж, хэрэглэгчдийн сэтгэгдэлд нөлөөлдөг. Өнөөдрийн нийтлэлээр бид нийгмийн хариуцлагаа үлгэр жишээ хэрэгжүүлдэг, гадаад дотоодын шилдэг компаниудыг танилцуулж байна.

AirBnB - гэр орноо алдсан 25,000 хүнд амьдрах газар

Хамгийн түрүүнд танилцуулах компани бол аялал жуулчлалын салбарт хувьсгал хийсэн AirBnB. Тэд хүмүүсийн байр сууц ба хажуу өрөөг аялагчдад онлайнаар санал болгон зуучлах үйлчилгээ эрхэлдэг. Гэхдээ тэд энэ үйлчилгээгээ үргэлж төлбөртэй хийдэггүй бөгөөд нийгмийн хариуцлагаа өндөр ухамсарлан “OpenHomes campaign” буюу “Нээлттэй гэр” кампанит ажлыг зохион байгуулдаг байна. “Нээлттэй гэр” нь байгалийн гамшиг, зөрчил мөргөлдөөн, өвчин зовлонгоос болж гэр оронгүй болсон хүмүүст гэр сууцаа санал болгох сайн дурын хүмүүсийн тусламжаар хэрэгждэг. Одоог хүртэл кампанит ажлын хүрээнд 25,000 орчим хүнийг амьдрах байр орон сууцаар хангасан байна. Та эдгээр хүмүүст туслахыг хүсвэл AirBnB-ийн OpenHomes хэсэгт дарж, тусламж хэрэгтэй хэн нэгнийг гэртээ суулгаж болно шүү.

COCA COLA - Бүх ашгийн нэг хувиа сайн үйлсийн төлөөх 300 гаруй ТББ-д

Coca Cola өөрсдийн гэсэн сантай бөгөөд үүндээ 1984 оноос хойш өдийг хүртэл нэг тэрбум доллар давсан хөрөнгө оруулж, түүнийгээ сайн үйлсийн аянд зориулжээ. Энэ нь анх орон нутгийн шинжтэй жижиг сан байсан ч удалгүй глобал асуудлуудад анхаарал хандуулдаг болж, 2016 оноос эхлэн жил бүр Coca Cola-ийн ашгийн нэг хувийг сандаа хуримтлуулдаг болсон байна. Coca Cola сан нийт сайн үйлсийн төлөөх 300 гаруй ТББ-д хандив өгдөг бөгөөд эмэгтэйчүүдийн эрх, цэвэр ус, залуучуудын хөгжил зэрэг олон чиглэлд хувь нэмэр оруулдаг байна. Тэд 2017 онд л гэхэд 138 сая долларын хөрөнгийг ТББ-уудад хандвилжээ. Тэгэхээр Coca Cola-ийн бүтээгдэхүүн худалдан авах бүрдээ та сайн үйлсийн аянд хувь нэмрээ оруулж байна гэж ойлгож болох аж.

WALT DISNEY - хүслээ шивнэ сан

Тэд хүүхэлдэйн кино, анимейшнээр хүүхдүүдийн мөрөөдлийг бүтээдэг шигээ бодит амьдрал дээр ч хүүхдүүдийн хүслийг биелүүлэхийг хичээдэг ажээ. "Walt Disney" өөрсдийн гэсэн “Make A Wish” буюу “Хүслээ шивнэ” гэх сантай бөгөөд 1981 оноос хойш сангаараа дамжуулан эдгэшгүй өвчтэй хүүхдүүдийн хүслийг биелүүлж иржээ. Хүүхдүүд "Disney"-гээс Эд Шийрантай уулзах эсвэл тийшээ аялмаар байна зэрэг бодитоор биелэх боломжтой бүхнийг хүсэж болно. Хэрэв та энэхүү аянд хувь нэмрээ оруулмаар байвал "Disney"-гийн чих зүүсэн зургаа сошиалд тавих бөгөөд ингэх бүрд уг санд таван ам.доллар нэмэгддэг аж. Харин ядуу буурай орны хүүхдүүдэд ном хандивлахыг хүсвэл инстаграм эсвэл твиттертээ #MagicofStorytelling хаштаг ашиглан, ном барьсан зургаа оруулах хэрэгтэй. Ингэснээр тэд нэг зургийг нэг номоор үнэлэх ажээ. "Disney" нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сайн үйлсийн олон аянд хандив өргөдгийн хамгийн сүүлийн жишээ гэвэл "Black Panter" киноны орлогынхоо нэг сая ам.долларыг хандивласан явдал юм.

STARBUCKS - Залуучууд, кофе цайны фермер, цэвэр усны төлөө

Дараагийн үлгэр жишээ компани бол дэлхийн хамгийн алдартай кофений бренд болох "Starbucks" юм. Тэд олон улсад 27 мянган кофе шофтой бөгөөд дэлхий даяар 70 оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Үйлчлүүлэгчдээ кофегоор дайлаад зогсохгүй өөрсдийн "Starbucks" сангаар дамжуулан нийгмийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийдэг байна. 2015 онд гэхэд тэд 7 сая ам. долларыг сайн үйлсийн аянд хандивлажээ. Энэ мөнгө өсвөр залуу үеийнхэнд мэдлэг боловсрол олгох, цэвэр усны нөөцийг сайжруулах, шаардлагатай хүмүүст нийгмийн халамж үзүүлэх, кофе, цай ургуулж боловсруулдаг фермерүүдийг дэмжих зорилгоор ашиглажээ. Тэд энэ төрлийн үйл ажиллагааг 1997 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлсээр байгаа аж.

MOBICOM - Хүүхэд бүрд цэвэр ус

Ийнхүү манай улсад ч олон улсын томоохон компаниудын жишгийг даган нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон сайн үйлсийн аян, компанит ажлуудыг өргөн хүрээнд зохион байгуулах болжээ. Тухайлбал, Мобиком Корпораци “Хайр түгээе” нэртэй хүүхдийн уран сэтгэмжит бүтээлүүдээр нүүрээ чимсэн 7000 нэгжийн карт гаргасан аж. Уг картын гол онцлог нь таны худалдан авсан карт бүрийн үнийн дүнгийн 10 хувийг хүүхдийн төлөөх сайн сайхан үйлст зориулах юм билээ. Энэхүү аян нь энгийн санаачилга мэт боловч бидний амин чухал хэрэгцээ болох цэвэр усны хэрэглээтэй холбогдож буй юм.

Өдгөө Монгол Улсын хэмжээнд 600 мянган хүүхэд ЕБС-д суралцадгаас 46 хувь нь буюу 276 мянга нь хүссэн үедээ ус уух боломжгүй нөхцөлд байдаг ажээ. Шингэн бага уух нь хүүхдийн биеийн хөгжлийг удаашруулах, сэтгэн бодох чадварыг бууруулах хор хөнөөлтэй. Мөн цэвэр усны хомстол нь хүний дархлаа сулруулах гол хүчин зүйл болж халдварт өвчнийг дэгдэхэд хүргэдэг байна. Иймд Мобиком Корпораци ЕБС-дад ус цэвэршүүлэгч түгээх "Хүүхэд бүрд цэвэр ус" төслийг эхлүүлэн, эх орныхоо ирээдүй болсон бяцхан үрсийн эрүүл мэндийн төлөө нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаа юм байна. Та ч бас энэ үйлсэд хувь нэмрээ оруулахыг хүсвэл “Хайр түгээе” тусгай картаар өөрийн дансаа бас ирээдүйгээ ХАЙРААР ЦЭНЭГЛЭЭРЭЙ!

Мобиком Корпораци өмнө нь "Үдийн цай" хөтөлбөр, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээ, Мазаалай хамгаалах төсөл, Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх “Моби Төгөл”, “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах төсөл” зэрэг нийгэмд тустай олон төслийг хэрэгжүүлсэн туршлагатай билээ. “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах төсөл”-ийн хүрээнд гэхэд нийт 80 сумын сургууль цэцэрлэгт ариун цэврийн байгууламж барьж, 54 мянган хүүхэд багачуудад эрүүл ахуйн шаардлага хангасан, байнгын халуун хүйтэн ус, усан татуурга бүхий боловсон ариун цэврийн байгууламж ашиглах боломжийг бүрдүүлжээ. Уг төслийг цаашид Монгол Улсын бүх сумын сургууль, цэцэрлэгт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Ийнхүү нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдэд олон жилийн турш хөрөнгө оруулалт хийж буй Мобиком Корпорациас олон байгууллага үлгэр жишээ авах биз ээ.