7 хоногийн тойм энэ удаагийн дугаартаа дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг, өөртөө олон хүнийг донтуулж чадсан Candy Crush-ийн зарагдсанг, Твиттер ЛАЙК товчтой болсныг, Харри Поттер, Жэймс Бондтой холбоотой сонирхолтой үйл явдлуудыг онцолж байна.

Форбес сэтгүүл уламжлал ёсоор дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүсийн жагсаалтаа зарлалаа. 2015 оны дэлхийн хамгийн хүчирхэг хүнээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тодорсон байна. 3 дахь жилдээ дараалан энэ жагсаалтыг тэргүүлж буй Путин Украйн болон Сирид явуулж буй цэргийн ажиллагаагаараа олон нийтийн анхаарлыг татаж, нутагтаа өөрийн рэйтингээ 89 хувьд хүртэл өсгөж чадсан. Харин 2-р байрт Германы канцлер Ангела Меркел бичигдсэн байна. Европын холбоог тэргүүлж, Грекийн хямрал болон Сирийн дүрвэгсдийн асуудлыг шийдсэн зэрэг нь түүнийг 2-т бичигдэхэд хангалттай байлаа. Харин ирэх жил ажлаа хүлээлгэн өгөх АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 1 байр ухран 3-р байрт оржээ. Энэ жилийн жагсаалтанд нийт 73 хүн багтсан бөгөөд технологийн түүхэн дэх хамгийн том худалдан авалтыг хийсэн Dell-ийн босс М.Делл (59-д), Хятадын хамгийн баян хүн Ван Жианлин (63-т), Канадын шинэ ерөнхий сайд Ж.Трудо (69-т), тэрбумтан, хөрөнгө оруулагч К.Икан (70-д) болон "алдарт" Д.Трамп (72-т) нар жагсаалтанд шинээр орж иржээ.

Forbes: Дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүс - 2015
Gogo: Путин дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхэмээр дахин тодорлоо

Call of Duty, World of Warcraft зэрэг топ тоглоомуудыг эрхлэн гаргагч Activision Blizzard интерактив тоглоомын зах зээлийн тэргүүлэгчийн байр сууриа улам баталгаажуулж, гар утасны тоглоом бүтээгч King.com-ийг 5,9 тэрбум доллараар худалдан авлаа. 2014 онд IPO хийж, олон нийтийн компани болсон King бол гар утасны тоглоомын түүхэнд хамгийн амжилттай бүтээлүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог Candy Crush тоглоомыг эзэмшигч юм. 2015 оны 3-р улирлын байдлаар King нь нийт 474 сая идэвхтэй хэрэглэгчтэй байсан байна. Activision Blizzard өмнө нь бие дааж гар утасны тоглоом, аппликэйшн хөгжүүлж байгаагүй ч King-ийг авснаар маш туршлагатай баг, үнэнч хэрэглэгчид бүхий платформыг өөртөө нэгтгэж, цаашдаа гар утасны тоглоомын зах зээлд том тоглогч болон өргөжиж байна гэсэн үг юм. Шинжээчдийн тооцсоноор, нийт хэрэглэгчдийн тоглоомонд зарцуулж буй мөнгөний 19 хувь нь гар утасны тоглоомд ноогдож байгаа бөгөөд 2019 он гэхэд нийт орлого нь 50 хувь өсөх ажээ. Тэрчлэн энэ долоо хоногт онлайн аяллын хамгийн том хөтөч Expedia Airbnb-ийн өрсөлдөгч Homeaway3,9 тэрбумаар, Alibaba Хятадын Youtube гэгддэг Youku-г 4,4 тэрбумаар тус тус худалдан авчээ.


Fortune: Activision Blizzard яагаад Candy Crush-ийг бүтээгчдийг худалдан авав?

Үүсгэн байгуулагч Жэк Дорси нь CEO-ийн албан тушаалд эргэн томилогдсноос хойш Твиттер хэд хэдэн чухал өөрчлөлтүүдийг хийж, зогсонги байдалд ороод буй компаний хэрэглэгчид болон орлогын байдлаа нэмэгдүүлэхийг зорьж байна. Moments гэх шинэ нэмэгдлээрээ зар сурталчилгааны цоо шинэ боломжийг санал болгож, Poll буюу санал асуулгын сонголтоороо медиа болон судалгааны шинэ гарцтай болсон Твиттер энэ долоо хоногт Favorite буюу "од" товчоо Like буюу "зүрх"-ээр солилоо. Хэдийгээр зөвхөн зураг солигдсон мэт харагдаж буй энэ нь асар том утгыг агуулж буй. Твиттерийн үзсэнээр, favorite товч нь шинэ хэрэглэгчдийг ихээхэн төөрөгдүүлдэг, дуртай болон таалагдах 2-ын хооронд ялгаа их үүсдэг, сошиал ертөнцөд хүмүүс "зүрх"-ийг их хэрэглэх хандлагатай байдаг байна. Үүнтэй зэрэгцэн, Твиттерийн эзэмшдэг Vine мөн адил "зүрх"-тэй болжээ.

Techcrunch: Twitter & Vine зүрхийг сонголоо
BI: Твиттер Favorite-ийг устгаж, Like-ийг санал болгож байна

Киноны ертөнц энэ долоо хоногт тун завгүй өнгөрлөө. Алдарт агент 007 Жэймс Бондын 24 дэх цуврал кино "Spectre" Их Британид нээлтээ хийсэн долоо хоногтоо 63,8 сая долларын орлого олж, 2004 онд "Харри Поттер: Азкабаны хоригдол"-ын тогтоож байсан амжилтыг эвдлээ. Энэ долоо хоногт АНУ-д нээлтээ хийж буй уг киноны орлогыг шинжээчид 80 орчим сая доллар хэмээн тооцож байна. Тэгвэл ялангуяа тоглоом сонирхогчдын тэсэн ядан хүлээж буй "Warcraft"-ын бүрэн хэмжээний киноны эхний трэйлэр албан ёсоор цацагдлаа. Орк болон хүмүүсийн хоорондын тулаан бүхий цувралын эхний анги 2016 оны 6-р сард цацагдах билээ. Үүнээс гадна энэ жилийн сүүлээр гарах Star Wars-ийн шинэ трэйлэр гарч, шинэ дүрс, шинэ ишлэлүүд ил болсон. Гэхдээ Харри Поттерын фенүүдийн хувьд хамгийн сайхан мэдээ нь Ж.К.Роулингийн зохиолыг нь бичиж, Америкийн шидтэнүүдийн ертөнцийн талаар өгүүлэх Fantastic Beasts and How To Find Them киноны шинэ зургууд, үйл явдлын өрнөлийн зарим нь ил болсон нь байлаа. Оскарын шагналт жүжигчин Эдди Рэдмэйний гол дүрд нь тоглож буй, Харри Поттер ба түүний нөхдийн түүх эхлэхээс 70 жилийн өмнө үйл явдал нь өрнөх уг кино 2016 оны 11-р сард нээлтээ хийнэ.

CNN: Spectre дээд амжилт тогтоон, нээлтээ хийлээ.
EW: Fantastic Beasts and How To Find Them: Хамгийн эхний 8 зураг

Өнөө цагийн дэлхийн амьд хөгжмийн ертөнцийн томоохон төлөөлөгчдийн нэг Coldplay ирэх сард худалдаанд гарах шинэ цомгийнхоо эхний дууг албан ёсоор зарлалаа. Лондоны метроны буудлуудаар учир битүүлэг зурагт хуудсыг тарааж, шинэ цомгоо 12-р сарын 4-нд худалдаанд гаргах болсноо мэдэгдсэн тэд Adventure of a Lifetime нэртэй эхний сингл нь гарсан даруйдаа чартуудын жагсаалтын топ байруудад бичигдэж, фенүүдийн хүлээлт өндөр байгааг харуулсан. Оasis-ийн Н.Галлахер, Бейонсе зэрэг дуучидтай хамтарсан уран бүтээлүүд багтсан A Head Full of Dreams цомог нь Coldplay-ийн хувьд 7 дахь цомог нь болж байгаа юм. Илүү эрчтэй, илүү цоглог, мөн дорнын шинжийг агуулсан шинэ дуугаараа тэд эргэн ирж буйгаа зарлалаа.

NME: Coldplay шинэ цомог, шинэ дуугаа зарлалаа
Wikipedia: A Head Full of Dreams (Монгол хэлээр)