Номын хорхойтнуудын цуглах дуртай дэлхийн хамгийн том сайт/апп болох Goodreads-ийг бид энэ удаа танилцуулж байна. Уншсан, уншиж буй, унших номоо бүртгэж, үнэлж болдог Goodreads 2007 он 1-р сард нээлтээ хийсэн бөгөөд амжилттай ажилласаар, 2013 онд цахим номын худалдааны гигант Amazon-д худалдагдсан билээ.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Goodreads-ийг хэрэглэх нь ном унших бас нэг соёл юм. Ерөөс ном унших дадлыг хэвшүүлэх, зугаатай байлгадаг апп. Уншсан номуудаа тэмдэглэж, уншиж байгаа номынхоо хэддүгээр хуудсан дээр явааг зарлаж, унших номуудаа марталгүй бүртгээд ирэхээр та чухал зүйлд санаа тавьж байгаадаа сэтгэл нэг л өег болно гэдэгт итгэлтэй байна.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Үүгээр дамжин номын хорхойтнуудтай найзлах, ижил төрлийн ном сонирхогчдыг хайж олох бүрэн боломжтой. Найз болохоос гадна уншигчид групп үүсгэн хэлэлцүүлэг өрнүүлж болдог. Монгол хэрэглэгчид элбэг, ялангуяа номыг ёстой унших шиг л болдог залуучууд олон байдаг шүү. Хэрэглэгчдийн тоо олон байдгийн хэрээр номын тойм, сэтгэгдэл ч арвин. Номын үнэлгээ ч нэлээн ханатай гардаг гэсэн үг. Таны уншсан номуудад үндэслэн сонирхож мэдэх номуудыг чинь болон сүүлийн үед уншигчид ид шуугин ярилцаж байгаа номуудыг санал болгодог.

Reading Challenge хийдэг нь их сонирхолтой. Жилийн эхэнд би энэ жил төдөн ном уншина гэж өөртөө болон өрөөлд зарладаг. Энэ хөшүүргийн ачаар ном унших дуусгах нь юу юунаас илүү урамтай ажил болж хувирдаг нь сайхан.

Мөн та The Readers Choice Awards-д өөрт таалагдсан, шилдэг сайн гэсэн номуудад санал өгч болно. Уншигчдын зүгээс тодруулдаг хамгийн том шагнал гэгддэг The Readers Choice Awards-ийн 2015 оны шилдгүүд саяхан тодорсныг та үзэж сонирхоорой.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Монгол ном харьцангуй багатай. Гэхдээ манайдаа борлуулалт сайтай, их уншигддаг номууд бол орчихсон л байдаг юм. Тийм болохоор та дуртай монгол номынхоо мэдээллийг ингэж бэлтгээд санд нь оруулах боломжтой.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Unread-ийн зүгээс 8 оноо өгч байна.