Өнөөдрийн мэдүүштэй вэбээрээ бид Wayback Machine гэгддэг www.archive.org/web -ийг танилцуулж байна.  АНУ-ын Internet Archive хэмээх ТББ нь Конгресс болон бусад олон байгууллагын дэмжлэгтэйгээр интернэт дэх сая сая үнэгүй ном, кино, програм, хөгжим архивладаг бөгөөд интернэт дэх дижижал контентын хамгийн том энэхүү сангийн нэг хэсэг нь вэбсайтуудын нүүр хуудасны зургийг түүхчилэн хадгалдаг Wayback Machine юм.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Та орох дуртай вэбээ, эсвэл өөр ямар ч вэбийг яаж өөрчлөгдөж ирснийг харахыг хүсвэл үүгээр зочлоорой. Уг вэбээр ороод сонирхож буй вэбийнхээ URL-ийг хийн Browse History товчийг дарахад анх үүссэн цагаасаа өнөөг хүртэл өөрчлөлтүүд нь он оноороо, сар сараараа, бүр өдөр өдрөөрөө гарч ирнэ гэхээр гайхалтай байгаа биз. Энэ нь вэбүүдийн урьд урьдын хувилбаруудыг зүгээр л сониучирхах хүмүүст төдийгүй судлаачид, сэтгүүлчдэд судалгааны чухал хэрэглүүр болох юм.

Ямар онцлог, давуу талтай вэ?

Жишээ болгож би зочлох дуртай NBA.com-оо 1996 онд ямархуу хэлбэр дүрс, дизайнтай байсныг доор харуулъя. Wild, Wild East гэсэн гарчигтай эхний нийтлэлийг нь хараад үнэхээр гайхшаа барж сууна :) Яагаад гэвэл өдгөө NBA-ийн зүүн конференц огтхон ч хүчтэй байхаа больсон юм. Одоо л Wild Wild West гэж ярьдаг болсон болохоос нэгэн цагт Wild Wild East байсан юм шүү гэдгийг энэ вэб бидэнд сануулж байгаа нь сонирхолтой

Одоогоор энэ агуу том санд 462 тэрбум вэб хуудас (үүнд вэбсайт, видео, зураг гэх мэт контент багтана) хадгалагдаад байгаа аж. Internet Archive нь 2017 онд вэбээ цоо шинэ, орчин үеийн дизайнтай болгож, хайлт хийхэд илүү амар болгох гэх мэтийн олон өөрчлөлтийг хийж, Wayback Machine-ийг шинэ түвшинд гаргана хэмээн амлаж байгаа юм.

Хэрвээ таны сонирхож буй сайт уг санд ороогүй байвал, тэрхүү сайт цааш хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхийг хүсвэл URL-ийг нь бичээд Save Page Now товчийг дарахад л хангалттай. Уг сайтыг ашиглах нарийн, дэлгэрэнгүй зөвлөгөөг эндээс үзээрэй.

Ямар сул талтай вэ?

Монгол вэбсайтууд тийм олноор бүртгүүлээгүй болов уу. Харин англи хэл дээрх вэбсайтуудын ихэнх нь энд байгаа гэдэгт итгэлтэй байна. Бид Unread-ийг бүртгүүлсэн, та өөрийн юм уу дуртай вэбүүдээ хадгалаарай.

Unread-ийн үнэлгээ

Цагийн зүүг эргүүлэх чадалтай энэ вэбэд Unread 7 оноо өглөө.

Вэбэд зочлох

https://archive.org/web