Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   02 сарын 12, 2016

Дэлхийн топ CEO нар ажил горилогчдоос ямар асуулт асуудаг вэ?

Ажлын ярилцлага өгнө гэдэг амаргүй даваа. Байдгаараа цэмцгэр хувцаслаж, юу ярихаа дотроо давтаад л, нэрийг чинь дуудахыг хүлээн нэг өрөөний үүдэнд удтал суух тэр мэдрэмж. Орсны дараа амьдралдаа ч төсөөлөөгүй асуултуудыг сонсон барьц алдах бол энгийн үзэгдэл. Энэ бүхэнд та дасан зохицож, сэргэлэн байж чадвал амжилт олно. Өнөөдөр Unread та бүхэнд дэлхийн топ CEO нар ажил горилогчдоос ямар ямар асуулт асуудаг талаар хуваалцаж байна. Ийм асуултуудад хариулттай байхгүй л бол болохгүй нь байна шүү.

Та CV-ндээ багтааж чадаагүй зүйлсийнхээ тухай яриач?

Virgin Group-ийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Ричард Брэнсон хэлэхдээ "Сайн CV хэдийгээр чухал ч гэсэн хүнийг цаасан дээр бичсэн зүйлээр нь дүгнэж ажилд авдаг бол ярилцлага хийж цагаа үрэхийн хэрэг юун. Тиймээс би ингэж заавал асуудаг" гэжээ.

Та хэр хачирхалтай (weird) нэгэн бэ? Нэгээс арвын хооронд өөрийгөө дүгнэнэ үү?

Zappos-ийн үнэт зүйлүүдийн нэг нь "хөгжилтэй, хачирхалтай байх". Тиймээс би энэ асуултыг голдуу асуудаг гэж компанийн CEO Тони Шиэ өгүүлжээ. Түүний хувьд ажил горилогсод энэ асуултад хэрхэн хариулах нь сонин байдаг бөгөөд "Нэг гэж хэлж байгаа хүн бол хэтэрхий уйтгартай. Харин арав бол манайхны хувьд хэтэрхий галзуу гэсэн үг" хэмээсэн байна.

Таны супер хүч... эсвэл бэлгэдэлт амьтан (spirit animal) юу вэ?

HootSuite-ийн CEO Риан Холмес өөрийн асуултыг тайлбарлахдаа "Би одоогийн туслахаа ажилд авахдаа ингэж асуусан юм. Тэр өөрийнх нь бэлгэдэлт амьтан бол галуу, яагаад гэвэл сэлж байхдаа гадна талдаа тайван харагддаг ч усны доод талд жинхэнэ ажлыг амжуулж байдаг гэж хариулсан. Би үүнийг гайхалтай хариулт гэж боддог. Ялангуяа туслахын ажилд төгс тохирсон тайлбар. Тэр ажилдаа маш сайн шүү" гэжээ.

Яалт ч үгүй үнэн мөртлөө хэн ч тантай санал нийлдэггүй нэг зүйлийг нэрлээч?

PayPal-ийн үүсгэн байгуулагчдын нэг Питер Тиэл уг асуултыг "Шинэлэг байдлаар, тэгсэн мөртлөө бодитоор сэтгэж чаддагийг нь харахын тулд асуудаг. Цаашлаад хэцүү нөхцөлд өөрийгөө хэрхэн илэрхийлж, байр сууриа яаж хамгаалж байгааг нь аждаг. Эцсийн дүндээ яг энэ асуулт шиг нөхцөл байдалтай бид өдөр бүр тулгардаг шүү дээ" гэж тайлбарлажээ.

Чамд дургүй нэгэн чиний тухай юу гэж ярих бол?

АНУ-ийн армийн тэтгэвэртээ гарсан Генерал, McChrystal Group-ийн үүсгэн байгуулагч Стэнли МкКристал ийнхүү асуудаг бөгөөд "Хүн өөрийгөө бусдын нүдээр харж хариулахаас өөр аргагүй болдог" хэмээн тайлбарлажээ. Энэ асуултанд хариулахын тулд хамгийн тааламжгүй зан чанаруудаа карьерыг нь шийдэх гэж байгаа хүнтэй хуваалцах зориг гаргахаас өөр аргагүй болгодог байна.

Өглөө орноосоо босох эрч хүч, урам зоригийг танд юу өгдөг вэ?

Animoto компанийн CEO Брэд Жефферсон уг асуултыг тухайн ажил горилогчид ямар зүйлс эрч хүч, урам зориг өгдөг болохыг мэдэх гэж асуудаг байна. "Учир нь хүний гол мотивацийг ойлгох нь нэн чухал. Яагаад гэвэл бизнест өгсөж уруудах нь хэвийн үзэгдэл байдаг болохоор хэцүү үед ч гэсэн тэр хүн эрч хүчтэй, урам зоригтой ажиллаж чадах уу гэдэг нь компаний ирээдүйд шууд хамаатай" хэмээн тэр хэлжээ.

Та дэлхийн гадаргын хаа нэгтээ зогсож байна. Өмнө зүг рүү нэг бээр, баруун зүг руу нэг бээр, хойд зүг рүү нэг бээр алхсаны дараа яг анх хөдөлсөн байрандаа буцаад ирнэ. Та хаана байгаа вэ?

SpaceX, Tesla, SolarCity, PayPal-ийн үүсгэн байгуулагч Элон Маск дараах хачирхалтай асуултыг асуудаг бөгөөд зөв хариулт нь Хойд туйл юм уу Өмнөд туйлтай ойролцоо газар юм байна. Элон Маск SpaceX-ийн эхний 1000 ажилтныг өөрөө нэг бүрчлэн ярилцлага хийж ажилд авсан гэдэг бөгөөд бусад компаниуддаа ч ажилтан элсүүлэх үйл явцад гойд анхаарал хандуулдаг байна.

Танд ажил горилогчоос заавал асуудаг асуулт байдаг уу? Эсвэл ажлын ярилцлагын үеэр танаас асууж байсан хэцүү, сонирхолтой, хачин жигтэй асуултуудаасаа бусадтай хуваалцаарай.

Эх сурвалж Business Insider

63524   3


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.