Сайн бүтээлийг туурвихад ажлын орчин чухал билээ. Бид энэ удаа алдартай уран бүтээлчдийн ажлын өрөөгөөр таныг аялуулж байна. Зураач, зохиолч, дизайнер эдгээр хүмүүс ямархан орчинд ажлаа хийдэг вэ?

Марк Твэйн

Самуэл Лангхорн Клеменс буюу Марк Твэйн бол Америкийн нэрт зохиолч билээ. "Том Сойерын адал явдал", "Хаклберри Финний адал явдал" хэмээх алдартай зохиолуудыг туурвисан түүнийг "Америкийн утга зохиолын эцэг" гэх нь ч бий.

Чип Кидд

Америкийн график дизайнер Чарлез Кидд номын хавтасны зургийг гайхалтай бүтээлчээр урладгаараа алдартай. Нью Йорк хотод амьдардаг тэрбээр өдгөө Random House-ийн охин компани Knopf-д арт директороор ажилладаг.

Дэвид Хокний

Дэвид Хокний бол Английн зураач, сийлбэрч, фото зурагчин, тайзны дизайнер юм. 1960-аад оны Поп арт хөдөлгөөний гол төлөөлөгч түүнийг Британийн 20-р зууны хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийг нэг гэж үздэг байна.

Виржиниа Вүүлф

20-р зууны тэргүүний модернистуудын нэг, Английн зохиолч Виржиниа Вүүлф дэлхийн нэг, хоёрдугаар дайны хоорондох цаг үед Лондон дахь утга зохиолын хүрээнийнхний томоохон төлөөлөгч байв. Тэрбээр "Mrs Dalloway", "To the Lighthouse", "Orlando", "A Room of One's Own" зэрэг алдартай бүтээлүүдийг туурвисан бөгөөд сэтгэц мэдрэлийн өвчинд нэрвэгдэн 1941 онд 59 настайдаа амиа хорложээ.

Ёшитомо Нара

Нара бол Японы Нео Поп хөдөлгөөний тэргүүлэх артистуудын нэг юм. Тэрбээр хүүхэд ба амьтдыг эгдүүтэй атлаа "зэвүүн" (devilish) дүрх төрхтэйгээр бүтээдгээрээ алдартай. 2010 оны намар Азийн Нийгэмлэг түүний үзэсгэлэнг Нью Йоркт дэлгэн тавьж, карьерынх нь туршид бүтээсэн зураг, баримал, керамик, том хэмжээний 100 бүтээлийг толилуулжээ.

Орла Киэли

Ирландын дизайнер Орла Киэли анх малгайны загвар гаргадаг байснаа гар цүнхний дизайн руу шилжиж, дараагаар нь гал тогоо болон машины тоноглолууд дээр ажиллах болжээ. Тэрбээр 2010 онд Ирландын орчин цагийн шилдэг 6 дизайнерын нэгээр нэглэгдэн, Ирландын шуудангийн марк дээр хэвлэгдэж байжээ.

Сюзан Орлеан

Америкийн зохиолч, сэтгүүлч Сюзан Орлеан 1992 оноос хойш The New Yorker сэтгүүлд ажиллаж байгаа бөгөөд Vogue, Rolling Stone, Esquire, Outside зэрэг сэтгүүлд бүтээлээ нийтлүүлж иржээ. Түүний The Orchid Thief хэмээх алдартай зохиолоор Adaptation хэмээх киног бүтээж, Мерил Стрип Сюзаны дүрийг бүтээн, Оскарын шагналд нэр дэвшиж байжээ.

Жон Леннон & Ёко Оно

Алдарт Битлз хамтлагийн гишүүн, нэрт дуучин, хөгжмийн зохиолч Жон Леннон хоёр дахь гэргий Ёко Оногийн хамтаар. Ёко Оно бол Японы артист, дуучин, энх тайвны тэмцэгч бөгөөд өдгөө энх тунх амьдарч байгаа билээ.

Марк Жонс

Зураач Марк Жонс ёжтой, хошин бүтээлүүдийг туурвидаг. Сошиал медиад идэвхтэй байдаг тэрбээр New York Times Magazine, Vogue.com, National Geographic, Google, WIRED, Newsweek, Tommy Hilfiger, Harper Collins зэрэг алдартай компаниудтай хамтран ажилладаг байна.

Адриан Томин

Адриан бол хүүхэлдэйн киноны зураач. Optic Nerve хэмээх комик цуврал нь түүнийг нэрд гаргасан бөгөөд бүтээлүүд нь The New Yorker сэтгүүлд хэвлэгддэг ажээ.