Өнгөрсөн жил бета хувилбараа тун сүртэй нээж, нэг өдрийн дотор 10 мянга гаруй хүнийг "хүлээлгийн жагсаалтдаа" багтааж байсан Gyroscope өдгөө хамгийн шилдэг эрүүл мэндийн аппуудын нэг болж чаджээ. Бусад олон апптай төгс хоршиж, өдөр тутмын амьдралын хэмнэлийн датаг маш сонирхолтой дүрслэлүүдээр нэгтгэн үзүүлж, таныг эрүүл хэв маягт хөтөлж чадах энэ апп-ийг бид өнөөдөр онцолж байна. 

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Асар их мэдээлэл, асар их хөдөлгөөн дунд та ажил-амьдралын балансаа барьж чадаж байна уу? Хааяа ч болтугай биеийнхээ чилээг гаргаж, хөдөлгөөн хийж, ядаж жаахан ч болтугай алхах юм сан гэж бодогдож байв уу? Тэгвэл Gyroscope танд өөрийн хийж буй үйлдлүүдийг бусад аппуудын тусламжтайгаар бүртгэж, түүнээс цугларсан тоон өгөгдөл дээр тулгуурлан эрүүл амьдралын хэв маяг өөртөө бий болгох боломжийг санал болгож байна.

Энэ бол фитнесс апп биш. Мэдээж фитнессийн датагаа харж, гүйлтийн км-ээ ихэсгэж, зүрхний цохилтоо хянаж, жингээ тэмдэглэж болно. Гэхдээ та заавал турах гэж биш, эсвэл дэлхийн рекорд эвдэх гэж гүйж, алхаж, унтах хэрэггүй. Та зүгээр л өөрийнхөө өдөр тутмын амьдралын хэв маяг хэр эрүүл байна, сайжруулахын тулд яах хэрэгтэйгээ мэдэхийн тулд энэ апп-ийг ашиглах хэрэгтэй.

Хамгийн их хэрэглэгддэг бусад аппуудын тусламжтайгаар, маш гоёмсог бөгөөд ойлгомжтой дүрслэлүүдээр тэд таныг хэзээ ч уйдаахгүй.

Өө тийм, та баруун дээд буланд нь гүйх маш нарийн, гэхдээ бас "дарамттай" цагаас өөрийгөө ямар хурдан "хөгширч" байгаагаа мэдэрч, илүү бүтээмжтэй байгаарай :) Ийм сонирхолтой байдлаар "нас" харуулдаг дүрслэлийг би лав өмнө нь харж байгаагүй.

Ямар онцлог, давуу талуудтай вэ?

Gyroscope эрүүл мэнд, амьдралын хэв маягийн хамгийн шилдэг гэсэн бүх аппуудтай нийцэж ажилладаг. Foursquare, Apple Health, Runkeeper зэрэг түгээмэл ашиглагддаг аппуудын мэдээллийг тэд өөртөө нэгтгэж, маш сайн дүрслэлүүд бүхий тайланг танд үзүүлнэ.

Та энэ апп-ийн тусламжтайгаар алхалт, байршил, гүйлт, жин, нойр, фитнесс, компьютерийн хэрэглээгээ хянаж, илүү том зургаар харах боломжтой болно. Тэдний санал болгож буй "essentials" буюу "зайлшгүй" аппуудын тусламжтайгаар та өөрийнхөө амьдралын талаар илүү сайн мэдээллийг авч чадна. Moves-ийн тусламжтай алхалтаа хэмжиж, өдрийн байршлын горимоо хянаж, шатааж буй калорио мэдэх боломжтой. Сүүлдээ тэд таныг илүү сайн мэдэж, өдөрт алхвал зохих км-ийн хэмжээг тань хэлээд өгнө. Мөн өөр нэг зайлшгүй апп болох RescueTime-ийн тусламжтайгаар компьютерийн хэрэглээгээ илүү бүтээмжтэй болгож, өөрийнхөө онлайн орчинд хэр үр нөлөөтэй ажиллаж байгааг хянах боломжтой. Таны ямар сайтад хэр их цаг үрж байгааг, аль цагт илүү бүтээлч болж байгааг тайлагнаж үзүүлнэ гээд бод доо?

Тэдний цуглуулсан дата, статистикаа харуулж буй дүрслэл, график үнэхээр сонирхолтой. Зүрхний цохилт, алхалтын байдал зэргийг өмнө нь ийм гоёор харуулж болдог байсан юм байх даа л гэж бодогдуулна. Өдөр бүр ирэх нэгтгэсэн мэдээллүүд, долоо хоног бүрийн ням гараг ирүүлэх долоо хоногийн тайлан нь их зугаатай, уншихад хялбар. Вэбээс уншихад бүр амар.

Мөн та өөрийн фэйсбүүк хуудсаар энэ апп-д нэвтэрч орон, бусад найз нартайгаа мэдээлэл солилцон, бүр зарим тохиолдолд "зорилго" тавин өрсөлдөх боломжтой. Ижил зорилготой, ижил сонирхолтой нөхөдтэй групп үүсгэн харилцах ч нэмэлтийг тэд санал болгож байна. Бусдад амлалт өгөөд, түүндээ хүрэх гэж хичээх нь түүнийгээ гүйцэлдүүлэх хамгийн том хөшүүрэг болдоггүй гэж үү?

Ямар сул талтай вэ?

Бүх боломжийг нь ашиглаж, бүтнээр нь хэрэглэхийн тулд зайлшгүй өөр аппууд суулгаж, зарим нэмэлт төхөөрөмжтэй байх шаардлагатай болно. Жишээ нь, зүрхний цохилтоо хэмжиж, унталтын горимоо хянахын тулд танд Fitbit ч юм уу, Hello Sense-ийн төхөөрөмж хэрэгтэй гэсэн үг.

Зарим "күүл" нэмэлтүүдийг нь ашиглахын тулд төлбөр төлөх хэрэгтэй. Сарын 7 доллар төлөөд Pro хэрэглэгч болсноор датагаа илүү сайн хамгаалж, жилийн тайлангаа үзэх, гар утсанд зориулснаар илүү сайн дүрслэлтэй статистик харах, таны унталтын зан төлөвийг үйлдлээс нь таамаглах хиймэл оюун ухааны тусламжийг авах зэрэг олон боломжийг өөртөө нээнэ. Бүр өөрийн генийн мэдээллийг хуулаад сонирхолтой мэдээллүүд, дүрслэлүүд үзэх боломжийг тэд 23&me-ийн хамтаар олгож байна. Бас өөрийнхөө амьдралын хэв маягийг хүссэн домэйн дээрээ байршуулж болох юм. Gyroscope-ийн үүсгэн байгуулагч Ананд Шармагийн тайланг AprilZero.com-оос үзээрэй.

Өөр нэг асуудал нь датагаа сайн оруулж байхын тулд та гар утасныхаа интернетийг байнгын нээлттэй байлгах хэрэгтэй. Таныг хаана яваа, хэд алхаж, ямар төрлийн зүйл хийж байгааг мэдэхийн тулд та интернеттэй газар байх шаардлагатай гэсэн үг. Хүн болгоны толгойд орж ирж буй нууцлалын асуудлыг тэд "өөр газар зарахгүй", "зөвхөн өөрийн тань хэрэглээнд зориулна" хэмээсэн байна.

Unread-ийн үнэлгээ

Үнэхээр л амьдралын хэмнэлээ дурандан харж буй мэт мэдрэмжийг өгч чадах энэ апп-д бид 7 оноо өгч байна. Андройд хувилбар байсан бол энэ оноо илүү ахих боломжтой байлаа.