Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   10 сарын 14, 2016

"Би хэрхэн бүтээсэн бэ?"цуврал ярилцлага #2 - Жүжигчин Б.Амарсайхан + "Итгэл" киноны 6 сонирхолтой баримт

Бүтээлийг нь шимтэн сонирхдог, хүндэлж биширч явдаг шинэ залуу болон нэрд гарсан уран бүтээлчдээ ойрхноос тольдон, бодож явдаг асуултаа асууж, хэрхэн бүтээж туурвидаг, яаж ажилладгийг нь олж мэдэх боломжийг олгохоор бид Club Coworking-ийн бүтээлч залуустай хамтран “Би хэрхэн бүтээсэн бэ?” цуврал ярилцлагыг эхлүүлээд байгаа билээ. Аль нэг уран бүтээл дээр нь тулгуурлан ярилцаж, түүгээр дамжуулан тухайн уран бүтээлчийн үзэл хандлага, арга барил, дадал хэвшлийг нээн харуулах зорилготой уг цуврал ярилцлагынхаа энэ сарын зочноор бид жүжигчин Б.Амарсайханыг урилаа.

ЭНЭ САРЫН ЗОЧИН БА БҮТЭЭЛИЙН ТУХАЙ

"Боолын гэрээ", "Бодлын хулгайч", "Үргээлэг" зэрэг кинонуудаар монгол үзэгчдийнхээ талархлыг хүлээж, Нетфликсийн "Марко Поло" цувралд тоглон монгол жүжигчдийн Холливууд руу гарах шанг татсан жүжигчин Амараагийн зохиолыг нь бичиж, гол дүрийг нь бүтээсэн “Итгэл” уран сайхны кино өнгөрөгч 10-р сарын 7-нд нээлтээ хийсэн юм.

"Итгэл" кинонд Монголын өнөөгийн шударга бус, авлигажсан нийгэмд жирийн нэг төрийн албан хаагч залуу гэнэтхэн мандаж, эргээд ямар хурдан уруудаж буй тухай харуулдаг. Агшин зуурын зугаа цэнгэл хийгээд бусдын хариуцлагагүй алдаанаас болж байгаа бүхнээ алдах тэрээр эцсийн мөч хүртэл үерхэлт бүсгүйгээ хайрласаар, үнэнч анддаа найдсаар, үнэн итгэлээ тээсээр байх аж. Тус киног Б.Гарамханд хэмээх залуу найруулагч найруулж, бусад дүрүүдэд М.Мягмар, Б.Тэмүүлэн, Ц.Төмөрхуяг, С.Батзориг зэрэг жүжигчид тогложээ.

Бид жүжигчин Амараагаас бодит амьдралаас сэдэвлэсэн энэ киног яагаад, хэрхэн бүтээсэн тухай, Итгэлийн дүрийг хэрхэн гаргасан тухай, мөн мэдээж хэрэг түүнээс үзэгчдийн асуухыг хүсдэг зүйлсийн тухай ярилцах болно.

"Итгэл" уран сайхны киноны трейлер

"Итгэл" уран сайхны киноны 6 сонирхолтой баримт

1. Жүжигчин Б.Амарсайхан “Итгэл” кинонд тоглохын тулд 17 кг жин хасжээ. "Марко Поло" кинонд тоглохын тулд 100 шахам кг жинтэй болж байсан түүнийг ингэж турахад уулзсан хүмүүс ихэд гайхаж байсан гэнэ.

2. “Итгэл” киноны найруулагч Б.Гарамханд, гол дүрийн жүжигчин Б.Амарсайхан, М.Мягмар нар 18 жилийн өмнө "Тавилан" уран сайхны кинонд хамтдаа оролцож байжээ.

3. Жүжигчин Б.Амарсайханыг “Тавилан” кинонд гол дүрд тоглож байхад “Итгэл” кинонд хайртай бүсгүйнх нь дүрийг бүтээсэн Б.Тэмүүлэн дөнгөж 2 нас хүрч байжээ.

4. Киноны 1 сцений олны хэсэгт 1500 хүн оролцсон байна. Кинонд нийт 2500 гаруй хүн оролцсон нь өндөр тоо юм.

5. "Итгэл” киноны гол дүрийн эмэгтэй жүжигчин Б.Тэмүүлэн, эмийн санчийн дүрд тоглосон Б.Орхон нар төрсөн эгч дүүс аж.

6. Цемент буулгадаг хэсэгт хүмүүсээ ядраахгүйн тулд 300 шуудайнд өвс хийж, цементний оронд зөөжээ.

Энэ сарын ярилцлагын дэлгэрэнгүйг: Би хэрхэн бүтээсэн бэ? Episode #2 фэйсбүүк хуудсаар;
Уг цувралын ерөнхий мэдээллийг: UNREAD + CLUB COWORKING - "Би хэрхэн бүтээсэн бэ?" цуврал ярилцлагын тухай нийтлэлээс аваарай.

23488   4


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.