Хүн төрөлхтний ирээдүйн нэгэн чухал хэсэг болох учиртай хиймэл оюун ухааны хөгжил жилээр биш сараар, бараг өдрөөр улам бүр урагшилсаар байна. Харин тэдний тэсрэлтэнд бид хэр бэлэн байна вэ? Олон салбарыг "эвдэж", олон мэргэжлийг "устгахын" зэрэгцээ цаг, хүч, хөдөлмөр болон хөрөнгө хэмнэх олон давуу талуудыг бидэнд авчрах хиймэл оюун ухааны дайралт улам бүр эрчээ авчээ. Unread та бүхэнд зөвхөн хүний оролцоотой хийж болно гэгдэж байсан "зүйлсийг" хиймэл оюун ухаан буюу AI хэрхэн хийсэн тухай хамгийн сонирхолтой жишээнүүдийг танилцуулж байна. 

AI-ийн бүтээсэн анхны бүрэн хэмжээний трэйлэрийг үзсэн үү?

Дэлхийн хамгийн алдартай хиймэл оюун ухаануудын нэг IBM Watson өөртэй нь ижил технологи хэт хөгжих нь ямар сөрөг үр дагавар учруулж болох тухай өгүүлэх Morgan нэртэй киноны трэйлэрийг бүтээжээ. Үүний өмнө эрдэмтэд түүнд 100 гаруй аймшгийн киноны трэйлэрийг үзүүлж сургасан бөгөөд өмнө нь хүн хийвэл бараг сар орчмын хугацаа шаардагддаг байсан ажлыг ердөө 24 цагт хийж дуусгасан гэнэ. Watson 6 минутын 10 гаруй хэсгийг киноноос тасалж трэйлэрт оруулахаар бэлтгэсэн бөгөөд үүн дээр нь хүмүүс ажиллан дарааллыг нь л зохицуулсан аж. Түүний хэр ажилласныг та доорх бичлэгээс үзээрэй. Эвгүй байгаа биз?

AI-ийн зохиосон хөгжмийг сонссон уу?

Магадгүй зарим хөгжмийн урсгалын ихэнх дуугаралтыг компьютер гаргадаг байх л даа. Гэхдээ өөрөө бие дааж хөгжмийн нот бичиж, дуу бүтээж байсан түүх үгүй. Тэгвэл Парис дахь Sony-ийн багийнхан Flow Machine нэртэй хиймэл оюун ухааны тусламжтайгаар 2 ч поп дуу гаргасан гэнэ. Тэд янз бүрийн төрөл жанрын 13 мянга гаруй хөгжмийг роботод сонсгож сургасны дараа ийм үр дүнд хүрчээ. Гэхдээ энэ нь тэр 100 хувь бие дааж дуу гаргасан гэсэн үг биш. Хөгжмийн зохиолчид ерөнхий зураглалыг гарган, найруулга, дуугаралт болон бусад тохируулгын ажлыг нь Flow Machine хийсэн аж. "Daddy's Car" нэртэй дуу нь л гэхэд The Beatles-ийн стилиэр бичигдсэн дуу юм гэнэ шүү. Ливерпүүлийн дөрвөлийн хэв маяг яг сонсогдож байгаа биз?

AI-ийн бичсэн зохиол шагналд тодорхойлогдсныг дуулсан уу?

Энэ жилийн Японы утга зохиолын хамгийн алдартай шагналуудын нэг болох Хоши Шинчитэй холбоотой хамгийн онцлох мэдээ нь хиймэл оюун ухааны бичсэн богино хэмжээний өгүүллэг эхний шатны шалгаруулалтыг давсан нь байлаа. Хакодатегийн их сургуулийн судлаачдын хиймэл оюун ухаантай хамтран бичсэн "The Day A Computer Writes a Novel" буюу "Компьютер зохиол бичих цагаар" нэртэй бүтээл уг шалгаруулалтын эцсийн шатанд хүрсэн нь энэ юм. Тус багийн судлаачид зарим үг болон өгүүлбэрийн сонголт болон дарааллыг тодорхойлж, эцсийн найруулга болон өрнөлийг компьютер хийжээ. Гэхдээ энэ зохиол сүүлчийн шатанд хүрсэн ганц нь болохоос биш тэмцээнд оролцсон өөр олон ижил төрлийн бүтээлийн нэг юм. Энэ жилийн шалгаруулалтанд орсон 1450 зохиолын 11 нь ямар нэгэн байдлаар хиймэл оюун ухааны оролцоотой байжээ. Удахгүй бид роботын бидний сэтгэлийг хөдөлгөх гэж "тааруулж" бичсэн зохиолыг уншаад суух юм биш биз? Өө тийм, удахгүй бидний уншдаг спортын мэдээг ч роботууд бичдэг болох гэж байгаа юм гэсэн шүү.

Bloomberg болон Оксфордын гаргасан ойрын ирээдүйд робот/хиймэл оюун ухаанаар орлуулагдах боломжтой 700 ажлын байрны жагсаалтын судалгаа тун удахгүй ахин шинэчлэгдэх төлөвтэй. Зээлийн эдийн засагч, ресепшин, түргэн хоолны газрын тогооч, хамгаалалтын ажилтнууд, таксины жолооч зэрэг ажлын байрууд дээр удахгүй зохиолчид, хөгжмийн мэргэжилтнүүд, эвлүүлэгчид зэрэг нэмэгдсэн байхад гайхах зүйл үгүй. Ерөөс эдгээр ажлын байрууд ийм жагсаалтанд орж байхад үнэ цэнээ алдахгүй мэргэжлийг олно гэдэг их л хүнд даалгавартай бололтойдог шүү.

Хиймэл оюун ухааны хөгжлийн талаар, тэдний хүн төрөлхтөнд үзүүлэх нөлөөний талаар санал сэтгэгдлээ та бүхэн бидэнтэй хуваалцаж, бусад уншигчидтайгаа бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлээрэй. Бид та бүхний санал, сэтгэгдлийг цуглуулан нэгтгэж, дараагийн холбоотой нийтлэлүүддээ ишлэх болно.