Өнөөдрийн зочин та бүхэнтэй бүгдтэй нь эчнээ танил гэхэд нэг их хол зөрөхгүй. Олон мянган залуусыг ажлын байр, ажил олгогчтой холбох гүүр болсон BizNetwork.mn сайтыг санаачлан бүтээж олны хэрэглээ болгож байсан В.Баярсайхан одоо Dell корпорацид их өгөгдөл (Big Data) чиглэлийн бүтээгдэхүүн хариуцсан менежерээр (Product Manager) ажилладаг бөгөөд өнгөрсөн зун АНУ-ын Вашингтоны Их Сургуулийг бизнесийн удирдлагын магистр (MBA) зэрэгтэйгээр төгсжээ. MBA-д суралцаж байх хугацаандаа Amazon.com компанид ахлах бүтээгдэхүүний менежерээр дадлагажиж ажиллаж байсан тэрээр багаасаа л програм хангамж, мэдээллийн технологийг дурлан сонирхож карьерээ сонгосон хэмээн дурдсан юм. БНТУ-ын Эгэ Их сургуульд компьютерийн ухаанаар Бакалаврын зэрэг хамгаалж, Истанбул хотод банкны програм хангамжийн чиглэлээр ажиллаж байгаад эх орондоо эргэн ирж хоёр ч гарааны бизнес эрхэлсэн туршлагатай В.Баярсайхан хэрхэн ажилладаг бол?

Байршил: АНУ, Сиатл Хот
Одоо хашиж буй ажил, албан тушаал: Бүтээгдэхүүн хариуцсан менежер, Dell EMC
Хэрэглэдэг гар утас: iPhone 6
Хэрэглэдэг компьютер: Macbook 12', iMac 24’ (хувь), Dell Laptop (ажил)
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Санаачлагатай, шинийг эрэлхийлэгч, уйдамтгай
Сошиал хуудсууд: bayarsaikhan (LinkedIn), @vbayarsaikhan (твиттер)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Би ямарваа ажилд эхлээд сэтгэл санаагаа бүрэн бэлдэж, хийх зүйлдээ өөрөө итгэхийг эрмэлздэг. Ихэнх санаачилгуудаа голдуу дотроо бодож боловсруулж, тэрхүү итгэл үнэмшлийг олж авахаараа ханцуй шамлан ордог.

Тэгээд тухайн ажлыг хийхээсээ өмнө том зургаар нь харж ямар шат дараалалтайгаар, хэн хэнтэй хамтран, хэрхэн хийж, ямар үр дүнд хүрэх ёстой вэ гэдгийг бодох дуртай. Ингэснээр шаардлагагүй олон жижиг ажлууд хийхээс зайлсхийж, цаг болоод энергиэ зөв үр дүнд хүргэх гол ажлууддаа зарцуулах боломжтой болж байгаа юм. Хэрвээ сонголт байгаа бол (зарим тохиолдолд хийхээс аргагүй ажил гэж байдаг) тухайн ажлыг яагаад хийх ёстой вэ, ер нь хийх хэрэг байна уу, өөр илүү үр дүнтэй бас сонирхолтой аргаар шийдэж болох уу гэж бас өөртөө асуулт тавина.

Мөн нэг ажлыг олон удаа давтан хийж чаддаггүй, хурдан уйдамтгай. Тиймээс байнга шинэ зүйл хайж, шинийг эрэлхийлэх хандлагатай.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНҮҮДЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Ажлын шаардлагаар цахим шуудантай их зууралдана. Google Inbox, Outlook голдуу ашигладаг.

Олон хүнтэй ойлголцох хамгийн амархан бөгөөд эмх цэгцтэй арга бол уулзсан, ярилцсан, шийдвэрлэсэн болон хийгдэх зүйлсээ бичиг баримт болгон бусадтай хуваалцах байдаг. Тиймээс Wiki, Microsoft Office Suite, Google Docs зэргийг их ашигладаг.

Мөн Google Photos тун дажгүй. Амьдралынхаа үнэ цэнтэй мөч болгоныг зураг, бичлэг болгон хадгалж, эргэн үзэхэд тохиромжтой. Хязгааргүй багтаамж, ухаалаг хайлт гэх зэрэг боломжуудтай нь таалагддаг. Instagram ашиглах дуртай. Амьдралд ойрхон санагддаг.

Дургүй програмууд гэвэл мэссэнжер төрлийн апп-уудаас татгалзахыг хичээдэг. Ингэснээр элдэв төлөвлөөгүй зүйлсэд өртөхөөс сэргийлж байгаа юм. Тийм ч учраас фэйсбүүкээ утсан дээрээ вэб хувилбараар нь шалгадаг.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

Гэрийн оффис

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Миний ажлын гол зорилго, онцлог бол өөрийн болон багийнхаа гишүүдийн цагийг хэмнэх гэж үндсэнд нь тодорхойлж болно. Инженерүүд, дизайнеруудын маань ажиллах цагийн тоо, тухайн цагтаа багтааж бүтээх нөөц бололцоо, хэмжээ нь хязгаарлагдмал. Тэр хязгаардмал нөөцийг яаж хамгийн үр бүтээлтэй, ашигтай, хэрэгцээтэй функцуудыг хөгжүүлэхэд зарцуулж, бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах, улмаар амжилтанд хүргэх чигийг гаргах үндсэн үүрэгтэй гэсэн үг.

Тиймээс цаг хэмнэх хамгийн энгийн арга бол хэрэггүй, үр дүн багатай ажлуудаас татгалзах. Үүнийн тулд хүнд ҮГҮЙ гэж хэлж сурах хэрэгтэй. Шууд ҮГҮЙ гэж хэлж чадахгүй бол “За би бодъё” гэж хэлээд мартах арга байна. Ингэснээр та чухал ажлууд дээрээ төвлөрөх боломж гарч ирнэ.

Хувийн амьдрал дээрээ ч гэсэн тэр зарчмыг баримтлах нь зүгээр санагддаг. Чиний хувьд хамгийн үнэ цэнтэй зүйл бол цаг хугацаа. Тэрийг чи өөртөө болон хамгийн чухал хүмүүсдээ зарцуулах ёстой. Ингэж байж л чи юмыг хурдан хийж амжуулах гэж яарах биш, зөв зүйлээ зөв хүмүүстэйгээ хамт хүссэнээрээ удаан хийх боломжтой болно гэсэн үг.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Өдөр тутмын ажлаа цахим шуудан дээрээ хөтөлдөг. Google Inbox яг үүнд зориулагдсан програм. Шинээр ирсэн имэйлийг уншмагцаа дараах шийдвэрүүдээс аль нэгийг нь гаргадаг. Хариулахад хялбархан бол шууд хариулаад архивла. Онц хэрэггүй бол шууд архивла. Өөр хүнээр хийлгүүлэх боломжтой бол шилжүүл (delegate). Яг одоо хариулахад бэлэн биш байвал хойшлуулах (snooze) тохиргоо хийгээд архивла. Ингэснээр миний инбокс-т зөвхөн хийх ёстой зүйлсүүд л үлдэнэ гэсэн үг.

Өдөр тутмын ажлуудаас гадна бүтэн жилийнхээ төлөвлөгөөг шинэ он гармагц хийдэг болоод 3 жил болж байна. Энэ маш их үр дүнтэй арга санагдсан. Хүн урдаа тааралдсан ажил болгоныг хийгээд байвал яг хаашаа явж байгаа, юунд хүрэх гээд байгаагаа мэдэхгүй төөрөх тохиолдол их байдаг. Тиймээс шинэ оны эхэнд тухайн жилдээ бүтээхийг зорьж байгаа 15 зорилтоо тодорхойлдог. Уг зорилтуудаа дараах 5 бүлэгт хуваана. Гэхдээ тэнцвэртэй байлгах нь чухал.

1. Хувь хүний хөгжил
2. Гэр бүлийн зорилт
3. Бизнес/Карьер
4. Нийгэм
5. Мөнгө санхүү

Жишээ нь, ноднингийн Нийгэмд чиглэсэн зорилтуудын маань нэг бол “Mongol MBA” цуврал ярилцлага байсан. Дэлхийн топ бизнесийн сургуулиудад MBA чиглэлээр суралцдаг цөөхөн монгол залуус байдаг юм билээ. Бид хэд сургууль болгондоо хамгийн анхны монгол MBA оюутан болж таарсан. Тиймээс энэ боломжийг яагаад дараа дараагийн үеийн Монгол залуустаа нээж өгч болохгүй билээ гэж хэмээн бодсоны үндсэн дээр нэгдээд цуврал ярилцлагууд хийж эхэлсэн байгаа. Энэ цуврал маань нийтдээ 30 гаруй мянган залууст хүрсэн. Олон залуус холбогдож асуулт асууж, сонирхож, зөвлөгөө авч байгаад баяртай байгаа. Зарим хүний эссэг хүртэл хянаж засварлаад өгсөн тохиолдлууд гарсан.

Энэ жилийн “Хувь хүний хөгжил” ангилалд дах зорилтуудын маань нэг морин хуураар 3 ая бүтнээр нь тоглож сурах (инээв).

Amazon-д дадлагажигчаар ажиллаж байх үед

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Би багаасаа математик, компьютер чиглэлээр сонирхдог тул янз бүрийн олимпиад гээд нэлээн явдаг байсан. Гэхдээ аймаг, хотын түвшний амжилтуудыг эс тооцвол олигтой медаль авч үзээгүй. Явж явж тэр маань давуу тал болж хувирсан. Бүтээгдэхүүний менежер (ер нь энтрепренер) хүн олон төрлийн хүнтэй хамтран ажилладаг. Тэр харилцаж байгаа хүмүүс нь өөр өөрийн чиглэлээрээ гүнзгий мэргэшчихсэн мундаг хүмүүс байдаг. Миний ажлын онцлог гэвэл тэр чиглэл болгоныг тодорхой хэмжээнд мэдэхийг шаарддаг. Гэхдээ мэргэжилтнүүдийн түвшинд мэдэх албагүй.

Монголдоо хоёр ч гарааны бизнес эрхэлсэн энтрепренер сэтгэлгээ, мөн бизнесийн удирдлагын магистрт суралцсан маань намайг ерөнхийдөө асуудлыг 360 градус харж чаддаг болгосон гэх үү дээ. Тиймээс миний давуу чанар аливаа зүйлийг том зургаар нь харахаас гадна олон талаас нь харж дүгнэж, тусгайлсан ур чадвартай хүмүүсийг нэг доор нэгтгэж, нэг зорилгын төлөө зоригжуулж хөдөлгөх гэж хэлж болно. Харин энэ чаддаг зүйлээ олон үндэстний элдэв зан араншин, өөр өөр соёлтой хүмүүстэй хамт хийхээр мэдээж тодорхой суралцах зүйлс гарна. Тэрийг л яг одоо суралцаж байна даа.

ТАНЫ ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Бүтээгдэхүүн хариуцсан менежер гэх хүмүүсийн талаар технологийн ертөнцөд арай өөр ойлголттой байдаг. Байгууллага доторх ямар ч эрх мэдэлгүй Mini CEO ч гэж яригддаг. Ихэнх энтрепренер, гарааны бизнесийн үүсгэн байгуулагчид бүгдээрээ бүтээгдэхүүн хариуцсан менежер гэсэн үг. Учир нь тэд бүтээгдэхүүнээ зах зээл дээр амжилттай гаргахын төлөө цаг ямагт бодож, толгойгоо гашилгадаг хүмүүс. Амжилттай бүтээгдэхүүн гаргахын тулд эхлээд ямар асуудлуудыг шийдвэрлэсэн, яг хэнд зориулсан, ямар онц давуу боломжуудтай, тэд нар нь өрсөлдөгчдийнхөөс юугаараа ялгаатай байхыг тодорхойлохоос эхэлнэ. Түүний дараа хөгжүүлэлтийг инженер, дизайнер, архитектуруудтайгаа хамтран гүйцэтгээд зах зээлд нэвтрүүлэх үе шат руугаа орно. Зах зээлд гаргахдаа хэзээ, ямар дараалалтайгаар, ямар маркетинг хийж, ямар үнээр борлуулах зэргийг тодорхойлно. Энэ үйл явцад олон төрлийн ур чадвар, онцлоготой хүмүүстэй хамтран ажиллах шаардлага гардаг. Тэр болгонд би шинэ зүйлийг сурч авч байгаадаа маш их баярладаг. Тухайн үедээ асуудал юм шиг санагдах боловч тэрийг суралцах боломж гэж хүлээж авахаар бүх зүйл эерэг болж хувирдаг.

Технологийн хамгийн сүүлийн үеийн шийдэл боловсруулж байгаа компани, ялангуяа шинээр хэрэгжүүлж байгаа ирээдүйд чиглэсэн бүтээгдэхүүн дээрээ намайг менежерээр авч ажиллуулж байгаад би өөрийгөө тун азтайд тооцож байгаа. Өмнө нь мэддэггүй байсан бүхэл бүтэн шинэ ертөнц руу орсон юм шиг, анхандаа нэлээн их цагийг уншиж судлахад зарцуулсан.

Хэцүү бэрхшээлтэй зүйл гэвэл мэдээж байлгүй яахав. Түрүүнд дурдсанчлан үнэхээр учраа ойлголцохгүй хүмүүстэй тааралдах тохиолдол байна. 140,000 ажилтантай компани учраас олон шатлалтай, сүртэй сүртэй албан тушаалтай хүмүүстэй таарна. Тэд нар нь заримдаа юм мэддэг нь ч байна, мэддэггүй нь ч байна. Мэддэггүй бас дээр нь том албан тушаалтай хүнтэй таарвал тэгээд л хэцүү шүү дээ (инээв).

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Dell EMC шиг олон улсын түвшний энтерпрайз технологи хөгжүүлдэг компаниуд бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээрээ их цаг хугацаа зарцуулж, томоохон хөрөнгө оруулалт хийдэг. Дунджаар нэг бүтээгдэхүүн бүтээхэд бэлтгэл ажил, судалгаа, хөгжүүлэлт, туршилт гээд зах зээл дээр гартлаа дунджаар 2-3 жил үргэлжилдэг. Энэ хугацаандаа хэдэн арав, зуун сая доллар зарцуулж, харин зах зээл дээр борлуулж эхэлснийхээ дараа 5-10 жилийн турш тэрбум тэрбумаар олдог гэж бүдүүн тоймоор тайлбарлаж болно.

Миний ажиллаж байгаа бүтээгдэхүүн их өгөгдөлтэй (Big Data) холбоотой, ид хөгжүүлэлтийн үе шатандаа явж байгаа. Зах зээл дээр гартлаа нууцын зэрэглэлтэй явдаг. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

Тиймээс их өгөгдлийн тухай харин сонирхолтой мэдээлэл хуваалцъя гэж бодлоо. Сүүлийн хоёрхон жилд дэлхий дээрх нийт өгөгдлийн 98 хувь нь бий болсон. Бизнесүүд, засгийн газрууд үйл ажиллагааныхаа шийдвэрүүдийг энэ их өгөгдөл дээр суурилан гаргаж байна. Хуримтлагдсан асар их өгөгдлийг ашиглан бизнесийн шийдвэр гаргахын тулд өндөр хүчин чадалтай сервер тоног төхөөрөмж, мөн тэр өгөгдлийг ухаж ойлгож, анализ хийж чаддаг програм хангамж хэрэгтэй болно. Тоног төхөөрөмжүүдийг нь манай Dell EMC аль хэдийн нийлүүлдэг болчихсон, зэх зээлд тэргүүлэгчдийн нэг. Програм хангамжууд нь голдуу их өгөгдлийн платформ, machine learning, AI буюу хиймэл оюуны чиглэлийн технологиуд байдаг. Одоо ид хөгжиж байгаа их өгөгдлийн зах зээл удахгүй 200 тэрбум долларын багтаамжтай болно гэсэн тооцоо байгаа. Тэр бялуунаас хэн нь том зүсмийг авах вэ гээд л технологийн акулууд алалцаж байна даа.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Ажиллаж байхдаа хөгжим сонсдоггүй. Голдуу машиндаа сонсоно. Сүүлийн үеийн хөгжим ФМ-ээр явж л байдаг шд (инээв). Зорьж сонсохоор бол Katie Melua болон тиймэрхүү төрөл жанрын хөгжимд дуртай.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Миний нэг дутагдал гэвэл номыг дуустал нь уншихдаа тааруу. Уйдамтгай чанартай маань холбоотой байж магадгүй. Яг барьж аваад суухаар нуршуу санагдаад байдаг юм. Тиймээс ихэнхдээ энд тэндээс нь түүгээд түүгээд уншчихдаг.

Сүүлийн үед харин ном их сонсож байгаа. Audible.com-аас татаж аваад сонсоод явахад их дажгүй шүү. Хамгийн сүүлд Google компанийн соёлыг бүтээсэн Laszlo Bock-гийн "Work Rules!", мөн Paypal үндэслэгч Peter Тhiel-ийн "Zero To One"-ийг сонссон.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, АЛЬ ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Байнгын дотогшоо хүн гэж байдаггүй юм шиг. Хамгийн гол нь орчноосоо болдог байх. Хүн өөрийг нь хэн нэгэн шүүмжилж магадгүй гэсэн айдастай үедээ дуугүй суухыг сонгох хандлагатай. Тиймээс ч хүмүүс танихгүй хүмүүстэйгээ анхандаа тийм ч нээлттэй биш байдаг байх. Ямар ч тэнэг, утгагүй зүйл хэлж байсан шүүмжлэл, няцаалтанд өртөхгүй байх тийм л орчныг нь бүрдүүлээд өгчихвөл хүн бүхэн нээлттэй байж болно гэж боддог.

Миний хувьд мөн адил. Анхандаа тийм нээлттэй биш. Нөгөө хүнээ ойлгоод ирэхээрээ маш нээлттэй байж чадна.
Ажлын хувьд аль болох хүмүүсийг нээлттэй байлгах шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл дээр дурдсан аюулгүй харилцааны орчинг баг дотроо бүрдүүлэхийг хичээж байгаа. Тэгэхийн тулд өөрөө нээлттэй байх шаардлагатай болдог.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Тогтсон цаг байхгүй. Гэхдээ голдуу 00 цаг дөхүүлж унтаад өглөө 8 цаг хавьцаа босдог. Хэдээс унтах нь хамаагүй гол нь 8 цагийн нойр авахыг хичээдэг. Бүтэн нойртой өдрөө хурдан сэтгэдэг, илүү үр бүтээлтэй, сэтгэл санаа өөдрөг, юманд эергээр ханддаг гэдгийг мэдэрсэн. Тиймээс аль болох бүтэн нойртой явахыг хичээдэг дээ.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Ихэнхдээ гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлнэ. Хүүхдүүд маань маш хурдан өсөж торниж байгаа учраас аль болох хамт байж, ганцхан тохиолдох дурсгалтай мөчүүдийг жижиг гэлтгүй алдахгүйгээр мэдрэхийг хичээдэг. Гэртээ байхдаа хоол хийх дуртай. Ямар нэгэн жор харахгүйгээр зохиогоод л хийчихдэг. Амралтын өдөр бол аавын гал тогоонд үзүүлбэр үзүүлэх өдөр шүү дээ (инээв).

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Яг тийм ийм гээд нэрлэх хүн бол байхгүй. Гэхдээ өөрийн амьдарч буй орчиндоо, нийгэмдээ, улс орондоо, бүр цаашлаад дэлхийд шинэ өөрчлөлтийг авч ирж чадсан бизнесүүдийг үүсгэн байгуулагч хүмүүсийн замналаас, ярианаас маш их эрч хүч авдаг. Жишээ дурдвал, Airbnb, Tesla, Alibaba, Uber, Amazon, Paypal гэх мэт бизнесийг үүсгэн байгуулагчид ба тэдний амжилтын түүх, баримталдаг зарчмууд гайхалтай. Тэр хүмүүс л уг бизнесүүдийг санаачлан, зориглож хийгээгүй бол тухайн салбарууд бахь байдгаараа л байх байсан байх.

Тогтсон хэв маяг гэдэг бол хамгийн аюултай зүйл. Хувь хүнд ч, бизнест ч, нийгэмд ч ялгаагүй. Одоогийн хэв маягтаа сэтгэл хангалуун байж ямар нэгэн өөрчлөлт шинэчлэлт хийхгүй бол тэгээд л бүх зүйл уруудаж байгаагийн шинж. Заавал тогтсон хэв маягийг өөрчлөх, сайжруулахыг эрмэлзэж байх ёстой гэж боддог. Тогтоол ус өмхийрдөг гэдэг биз дээ.

Хүн заавал том амжилт гаргах албагүй гэж би хувьдаа боддог. Амжилт гэдэг харьцангүй ойлголт. Хамгийн гол нь зогсолтгүй урагшилж, өчигдрийн “БИ”-ээсээ илүү мэдлэгтэй, чадвартай “БИ”-г бүтээж байвал тэрийг амжилт гэж болно.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Тэнцвэрийн тухай би хаанаас ч билээ сонсож байсан юм. Явцын дунд амьдралдаа баримталдаг зарчмуудын маань нэг болсон. Хүнийг ширээ гэж төсөөлвөл тэнцвэртэй байхын тулд 4 хөл хэрэгтэй. Тэр дөрвөн хөлийг Нийгэм, Хувь хүн, Гэр бүл, Бизнес гэж нэрлэе. Чи нэгэнд нь илүү цаг зарцуулж хичээл зүтгэл гаргавал тэр хөл чинь урт болно. Тэгэхээр илүү өндөр ширээ болохын тулд тэнцвэрээ хадгалж, бүх хөлөө жигд уртасгах хэрэгтэй болж байгаа биз.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Дуртай мөртлөө чадахгүй зүйлээ хий. Чадахгүйгээсээ болж дуртай зүйлээ битгий орхи. Үнэхээр дуртай байвал хөдөлмөр чамайг чаддаг болгоод өгнө. Чадахгүй зүйлээ чаддаг болно гэдэг чинь өсөж дээшилж байгаагийн хэлбэр. Дуртай учраас чи зам зуур шантрахгүй оргилд нь хүрч чадна.

Чамд байгалиас заяасан авьяас огт хэрэггүй. Нийт амжилттай яваа хүмүүсийн 99 хувь нь уйгагүй хөдөлмөрийнхөө үр дүнд хүрсэн байдаг. Амжилт харьцангүй ойлголт. Тиймээс өөрийнхөө амжилтыг бусдынхтай битгий харьцуул.

Би боломжгүй айлын хүүхэд, эсвэл надад бусдад байгаа шиг тийм мөнгө санхүү, дэмжээд өгөх аав ээж ах эгч нар байхгүй гэж гоншигнож болохгүй. Угаасаа тэдгээр зүйлс чамд хэрэггүй. Бүх зүйл чамаас өөрөөс чинь л шалтгаална. Хүн бүрт ижил тэгш 24 цаг байдаг гэдгийг санах хэрэгтэй.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Монголд мэдээллийн технологийг утгаар нь бизнес болгож чадсан хүмүүсийн нэг гэвэл “IT Zone” компанийн Н.Баттулга ахыг нэрлэнэ. Ажлын арга барилыг нь залууст дэлгэвэл хэрэгтэй бас сонирхолтой байх болов уу.

Мөн мэдээллийн технологийн чиглэлээр дэлхийн түвшний компаниудад инженер хийгээд явж байгаа олон чадвартай залуусаас урьж оролцуулж тэдний хэрхэн ажилладгаас хүргэвэл өгөөжтэй санагдаж байна. Facebook - Хонгор, Amazon - Амарбаяр, Apple - Хасан, Microsoft - Амарболд гээд л зөндөө бий дээ.