Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   02 сарын 14, 2017

Апп тойм: Fitbit - Эрүүл мэндээ хянах ухаалаг төхөөрөмж

Сүүлийн үед ухаалаг бугуйн цаг (smartwatches), хөдөлгөөн хэмжигчид (activity trackers) моодонд ороод байгаа билээ. Эдгээр цаг, төхөөрөмжүүд дундаас салбартаа тэргүүлж, "үеийнхэн" дундаа өнгөлж яваа нь Fitbit юм. Fitbit төхөөрөмжийг гар утасны апп-тай хослуулан хэрэглэснээр та эрүүл мэндийнхээ бүрэн зураглалыг өдрийн турш харж, түүхэн дата үүсгэх боломжтой бол төхөөрөмжийг авахгүйгээр апп-ийг нь татан суулгаж алхалтын тоо, алхсан зай, шатаасан калорь зэрэг цөөн үндсэн үзүүлэлтийг мөн хянаж болох юм. Миний бие саяхнаас Fitbit Charge 2 төхөөрөмжийг ашиглаж эхэлсэн болохоор Fitbit-ийн талаарх сэтгэгдэл болон бусад нэмэлт мэдээллийг хуваалцъя.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Fitbit таны тухайн өдөр алхсан тоо бол замын урт, зүрхний цохилт, шатаасан калорь, идэвхтэй хөдөлгөөн хийсэн минут, дээш шатаар гарсан тоо, унтсан цагийг харуулдаг. Эдгээр үзүүлэлтийг төхөөрөмж тань автоматаар хэмжих бол уусан шингэн, идсэн хоолныхоо хэмжээ, калорийг апп-даа гараар оруулан дата үүсгэж, хоол ундаа мөн хянах боломжтой юм. Fitbit Aria гэх ухаалаг жинг бас ашигласнаар биеийн жингээ хялбар байдлаар хянах нөхцөлийг бүрдүүлжээ.

Сүүлийн үед энэ төрлийн бүтээгдэхүүнд олноор бий болж өрсөлдөх болсон ч, фитнесс бол эрүүл мэндийнхээ төлөө зөвхөн зааланд дасгал хийх тухай ойлголт бус, тухайн хүний өдрийг хэрхэн өнгөрүүлж байгаа нь эрүүл мэндэд хамгийн чухал нөлөөтэй гэх санаанд үндэслэн байгуулагдсан Fitbit зөвхөн эрүүл мэнд, фитнесстээ төвлөрдгөөрөө бусад олон үйлдэлт ухаалаг цагуудаас ялгарч чадаж байгаа юм.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Хэмжих үзүүлэлтүүд: Дээр дурдсан үзүүлэлтүүдээс гадна гүйх, ууланд авирах, дугуй унах, төмөр өргөх гэх мэт үйлдлүүдэд зориулсан хэмжилттэй. Тухайн үйлдлийг хийж эхлэхээс өмнө идэвхжүүлээд, дасгал хэр болсныг дараа нь туулсан хэмжээ, шатаасан калорь, зүрхний цохилт зэрэг цогц үзүүлэлтээр харах боломжтой.
Мөн нэг сонирхолтой зүйл нь таныг амраах, амьсгалын дасгалын хийлгэх товч юм. Үүнийг идэвхжүүлснээр хэрхэн амьсгалах, амрах заавар дэлгэцэн дээр урсан гарах болно. Мөн утасныхаа GPS -ийг идэвхжүүлэн, явсан масшрутаа гаргах зэрэг нэмэлт боломжуудтай.

Миний ашиглаж байгаа хувилбар бол дунд зэргийн дэлгэцтэй, үнийн хувьд ч дундаж нь болох Fitbit Charge 2 юм. Үзүүлэлтүүдээ өдрөөр болон долоо долоо хоногоор дундажлаад харчихдаг. Дэлгэц дээр унтсан хугацаанаас бусад үзүүлэлт харагддаг. Унталтын хугацаа болон чанараа харин апп-аасаа харна гэсэн үг. Ташрамд өгүүлэхэд та юуг чухалчилж байгаагаасаа хамаарч Fitbit-ийн аль бүтээгдэхүүнийг сонгохоо шийдээрэй.

Тоон мэдээллээ хялбар үзэх боломж: Төхөөрөмж, апп хоёр чинь интернэт шаардахгүйгээр Bluetooth-ээр холбогдон sync хийж, тухайн өдрийн датагаа тэр дор нь шилжүүлчихдэг нь амар. Харин интернэтэд холбогдож байж түүхэн датагаа харах боломжтой.

Notification: Утасныхаа bluetooth-ийг асаасан тохиолдолд гар утсанд ирж буй дуудлага, мессеж төхөөрөмжийн дэлгэц дээр харагддаг нь Charge 2-ийн нэг давуу тал. Энэ бол байнга утсаа халааснаасаа гаргах юм уу авч харах үйлдлийг хөнгөвчилж байгаа хэрэг юм. Мөн хөдөлгөөн хийхгүй удаан суух үед "Хөдөлгөөн хийсэн нь дээргүй юу?" гэх мэтээр сануулга өгнө.

Цэнэг: Fitbit-ийг бусад өрсөлдөгчдөөс нь ялгаруулж буй нэг давуу тал бол цэнэгээ барих хугацаа. Charge 2 бүтэн цэнэглэхэд 5 өдөр унтрахгүй. Тэгвэл жишээ нь Apple Watch эдгээр эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг хэмждэг боловч олон үйлдэлт ухаалаг цаг тул цэнэг нь тун хурдан дуусчихдаг талтай.

Зорилт тавих: Үзүүлэлт тус бүрд цаанаас тохируулсан тухайн өдрийн дээд хэмжээ байдаг. Жишээ нь 10,000 алхалт. Харин та үзүүлэлт тус бүрээр өөрийн зорилтыг тавих боломжтой. Зорилт биелсэн үед ялалтын дохио төхөөрөмжид ирэх нь тэрүүнхэндээ бахдалтай гэж.

Хамтдаа ашиглах боломж: Апп-ийн нэг зугаатай зүйл нь найзуудтайгаа холбогдож, бие биеэ сорих буюу уралдах боломж юм. Үүнийг би хувьдаа ашиглаж эхлээгүй ч энэ завшааныг ашиглан Зак, Уундаа хоёр энэ төхөөрөмжийг худалдан авч, хамт ашиглахыг уриалж байна.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Энд Fitbit-ийг ерөнхийлөн бичихэд хүндрэлтэй тул Charge 2-ийн хувьд ярья. Усны бүрэн хамгаалалтгүй нь энэ хувилбарын гол сул тал гэгдэж байгаа. Бүрэн хамгаалалтгүй гэдэг нь шүршүүрт орох, усанд сэлэхдээ тайлах ёстой гэсэн үг юм. Бусад үед бол зүгээр болохоор надад лав нэг их асуудалгүй болохгүй байгаа шүү.

Мөн удаан ашиглаагүй болохоор хэр бат бөх, эдэлгээтэй сайтай эсэхийг нь одоогоор хэлж мэдэхгүй байна.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

So far so good. Төхөөрөмжийн хувьд одоохондоо надад өөлөх зүйл алга л байна. Магадгүй бүх боломжийг бүрэн дүүрэн ашиглаад ирвэл ярих юм нэмэгдэх байх. Одоогоор өгөх үнэлгээ 9.

Татаж авах

21550   5


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.