Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   04 сарын 27, 2017

Залуусын хэрэгжүүлж буй байгаль орчны 3 бичил төсөл

Монгол Улсын байгаль орчны асуудлуудыг олон нийтэд таниулж тэдгээрийг шийдвэрлэхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилготой Байгаль Орчны Манлайлагч Хөтөлбөр (EFP) 7 дахь жилдээ амжилттай хэрэгжин өндөрлөжээ. 8 сарын хугацаанд явагдаж, байгаль орчны талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх, манлайллын ур чадварыг эзэмшүүлэх, энэ чиглэлийн төсөл хэрэгжүүлэх боломжийг олгодог уг хөтөлбөрт энэ жил хамрагдсан 20 залуус гурван багт хуваагдан, өөрсдөө хөрөнгө босгож, байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бичил төсөл хэрэгжүүлснийг уншигч та бүхэнд танилцуулахыг хүслээ. Эдгээр төслүүдээс та бүхэн санаа авч, байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд бага ч болов хувь нэмрээ оруулаарай.

"Хогийн залуус" багийн "Хогийн хот" төсөл

Төслийн зорилго: Орон сууцны оршин суугчид болон хотын иргэдэд ахуйн хог хаягдлаа ангилан ялгах дадал хэвшлийг бий болгох, дахин боловсруулах үйл ажиллагааны талаарх мэдээллүүдийг хүргэх
Хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэх ажил:
-Төслийн зорилтот хотхоныг сонгон оршин суугчдад болон иргэдэд хог хаягдлаа хэрхэн ангилж ялгах талаар нөлөөллийн ажлыг эхлүүлжээ.
-4-р сарын 21-нд Алтан хальс холбоотой хамтран ‘Before the Flood’ киног орчуулан гаргаж, хог хаягдлын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
-Хог хаягдал дахин боловсруулах үндэсний холбоотой хамтран “Дахин боловсруулах үйлвэртэй танилцах аялал” зохион байгуулна.

Төслийн фэйсбүүк хуудас: Хогийн Хот

"Ногоон ирээдүйг хамтдаа кодолъё!" уриатай National Parks of Mongolia апп төсөл

Төслийн ажлын нэр: Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын мобайл аппликэйшн - National Parks of Mongolia mobile application
Төслийн зорилго: Тусгай хамгаалалттай газар нутаг” нь дэлхий нийтийн хэмжээнд байгаль орчны доройтлыг бууруулах, байгалийн түүх, хүн төрөлхтний соёлын өвийг үе дамжуулан үлдээх, экологийн тэнцвэрт байдлыг хангаж, улмаар тогтвортой хөгжлийн үзэл санааг баталгаажуулах нэг үндсэн нөхцөл, шалгарсан арга юм. Монгол орны байгалийн үзэсгэлэнт байдал, түүх, соёлын өвөрмөц онцлог бүхий тусгай хамгаалалттай газруудыг гадаад, дотоодын жуулчдад сурталчилан таниулах зорилготой мобайл аппликэйшн монгол, англи хэл дээр гарна. Мөн хэрхэн байгаль орчинд ээлтэй байдлаар аялах тухай болон байгаль хамгаалах монгол уламжлалын талаар сонирхолтой мэдээллүүдийг хүргэх болно.
Хийж гүйцэтгэсэн ажил: -Монгол Улсад нийт 99 тусгай хамгаалалттай газар нутаг байдгаас жуулчдын хамгийн их очих сонирхолтой 10 газрыг сонгон авч, мобайл аппликейшин бүтээхэд шаардлагатай дата мэдээллийг бэлтгэн аппликейшнийг хөгжүүлж байгаа аж.
-Төслийн талаар олон нийтэд таниулахаар 3 төрлийн шторк, вокс поп сурвалжлага хийж олон нийтийн сүлжээгээр түгээхээр ажиллаж байна.
-Монгол Улсын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль зэрэг их дээд сургуулийн байгаль орчны чиглэлээр суралцдаг оюутнуудад аппликейшны талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөөд байна.

Төслийн фэйсбүүк хуудас:
ЭкоКод төсөл – EcoCode project

ТУГАЛГАН ЦЭРЭГ

Төслийн зорилго: Монгол улсад худалдаалагдаж буй ахуйн хэрэглээний будганд хар тугалга агуулагддаг эсэх, хэрвээ тийм бол хэр хэмжээтэй байдгийг тодорхойлох, хар тугалганы хүний эрүүл мэнд болон хүрээлэн буй байгаль орчинд үзүүлдэг сөрөг нөлөөг олон нийтэд таниулах зорилготой

Хэрэгжүүлсэн ажил: -Химийн хортой бодисын эсрэг үйл ажиллагаа явуулдаг IPEN олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээ зурж, санхүүжилт болон мэдээлэл авсан
-Монгол улсад худалдаалагдаж буй ахуйн хэрэглээний 60 гаруй нэр төрлийн будагнаас дээж авч бэлдэн, АНУ руу лабораторийн шинжилгээнд илгээсэн
-ТУГАЛГАН ЦЭРЭГ фэйсбүүк хуудас нээн, үүгээрээ дамжуулан хар тугалгын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа аж.
-Холбогдох салбарын мэргэжилтнүүдтэй хамтран хар тугалгын сөрөг нөлөөний талаарх богино хэмжээний кино бэлтгэн хүргэхээр ажиллаж байна

Төслийн фэйсбүүк хуудас: ТУГАЛГАН ЦЭРЭГ

23571   6


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.